Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчид болон сонирхогч, дэмжин хэрэгжүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Монголын чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн өмнөөс болон хувиасаа шинэ оны чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Улиран ирж буй 2011 онд та бидний хувьд Монгол улсын засгийн газрын “Чацаргана” хөтөлбөрийн эхний үе шатыг хэрэгжүүлэхэд чухал алхам хийх зорилт тавигдаж байна. Монгол улсын засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан нь та бидний чацаргана тариалалтыг өргөжүүлэх, жимс болон бусад түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг эрхэлснээр ажлын байр шинээр бий болгох, ашиг орлогоо өсгөх, хүнсний хангамжийг сайжруулах, байгаль орчноо хамгаалах олон талын үйл ажиллагааг өргөжүүлэх, засгийн газрын олон талт дэмжлэгийг авч ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Гагцхүү “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын онч мэргэн үгийг санаж та бид хүч хөрөнгө, зорилго үйлсээ нэгтгэн чармайж ажиллаж чадвал амжилтад хүрэх нь дамжиггүй. МЧТҮҮХолбоо 2011 онд “Чацаргана” хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үйл ажиллгаагаа чиглүүлж сургалт семинар үзэсгэлэн зохион байгуулах, хэвлэл мэдээллийн сурталчилгаа гарын авлага цахим хуудсаар мэдээлэл түгээх, стандарт, агрозөвлөмж боловсруулж мөрдүүлэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж тариалагчид, үйлдвэрлэгчидэд арга зүйн болон бодит дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
МОНГОЛ ЧАЦАРГАНЫГ ДЭЛХИЙН БРЕНД БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
МЧТҮҮХолбооны тэргүүн
Д.НАСАНЖАРГАЛ



