Холбооны тэргүүний мэндчилгээ
Монголын жимс жимсгэний үндэсний холбооны цахим хуудас болон бусад цахим мэдээллийн хуудсуудаар зорчин танилцагч та бүхэнд холбооны УЗ-ийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Манай холбоо 2007 оноос хойш (Анх Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо нэрээр, 2016 оноос үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаатай уялдуулан одоогийн нэрээр) 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирлээ.
МЖЖҮХолбоо Засгийн газар, салбарын болон бусад чиг үүргийн яам, агентлаг, эрдэм шинжилгээ, сургалтын зэрэг төр засгийн мэргэжлийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, гадаад дотоодын төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн бизнесийн байгууллага болон жимс жимсгэнэ тариалагч, боловсруулагч ААН, иргэдтэйгээ аль болох ойр дөт өргөн хүрээтэй хамтран ажиллах бодлого, зарчим баримтлан ажиллаж байна.
Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд ЗГ-ын “Чацаргана”, “Жимс жимсгэнэ” гэсэн үндэсний 2 хөтөлбөрийг батлуулахад санаачлага гарган ажиллаж мөн жимс жимсгэний дэд салбарт төрийн бусад бодлого, санхүүгийн дэмжлэгийг чиглүүлэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
Монгол улс хүн амынхаа хэрэгцээт таримал жимсний 90 гаруй хувийг импортоор хангаж байгаа нь жилд хамгийн багаар бодоход 100 гаруй тэрбум төгрөг гадагш урсаж байна. Дээр нь импортын жимсний чанар, аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэндэд хэрхэн сөрөг, эерэг нөлөө үзүүлж байгааг хэлэхэд амаргүй асуудлын нэг. Эндээс харахад эх орондоо жимс жимсгэний тариалалтыг далайцтай өргөтгөх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар дотоод зах зээлийн хангамжийг тууштай нэмэгдүүлэх, улмаар монгол чацаргана болон байгалийн жимс жимсгэний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, чанар стандартын шаардлагыг дээшлүүлэх замаар экспортыг нэмэгдүүлэх шаардлага боломж харагдаж байгааг анхаарах хэрэгтэй байна.
Нөгөөтэйгүүр жимс жимсгэнэ тариална гэдэг нь ногоон эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалж цөлжилтийг сааруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Мөн олон мянган ажлын байр бий болгож ААН, өрхийн ашиг орлогыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг.
“Нэг мод тарьвал нэг насны буян
Хоёр мод тарьвал хойд насны буян” гэсэн ардын маань мэргэн сургааль бий. Иймд монгол хүн бүрийг мод бут жимс жимсгэнээ илүү өргөн тариалж, наанадаж өрхийн хэрэгцээгээ цаанадаж хүн амын хүнсэн дэх жимс жимсгэний хангамж хэрэгцээг эх орныхоо экологийн харьцангуй цэвэр хөрс шороонд өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөө зарцуулан ургуулж санаачлага гаргаж ажиллахыг уриалж байна. Энэхүү сайн үйлсэд манай холбоо туслаж хамтран ажиллах болно.
Сайн үйлс дэлгэртүгэй.
МЖЖҮХ-ны Тэргүүн Д.Насанжаргал