“МОНГОЛЫН ЖИМС ЖИМСГЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОЛБОО” ГИШҮҮДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
- Оноосон нэр; “Монголын жимс жимсгэний үндэсний холбоо” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага.
Товчилсон нэр; ”МЖЖҮХ ГҮТББ”
- Хаяг; Улаанбаатар-210349, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө. 18а-1 Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр, 519 тоот утас; 70156339, факс; 70156339, цахим хаяг; golden_fruits@chatsargana.mn, golden_fruits@yahoo.com, цахим хуудас; chatsаrgana.mn
Үүсгэн байгуулсан он, сар, өдөр; “Монголын бренд-чацаргана” үндэсний зөвлөлгөөнд оролцогчдын санаачилгаар 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр анх үүсэн байгуулагдсан. 2010 оноос “Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо” нэрээр өнөө хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн.
2.1 МЖЖҮХ нь Монгол улсын “Төрийн бус байгууллагын тухай” хууль, бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгон гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болно.
3.1 МЖЖҮХ нь хуулийн этгээдийн эрх эдлэж, өөрийн бэлэгдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данс нээж, татварын албанд санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнаж ажиллана.
3.1.1 Бэлэгдлийн агуулга; Манай орны гол таримал жимс болох чацарганы хоёр ногоон мөчрийг тал дугуй хэлбэрээр ишээр нь зөрүүлэн туузаар ороож, туузан дээр “МЖЖҮХ” нэрийг байршуулж, энэхүү хүрээний дунд амин дэмийн шим алтан шаргал өнгөтэй чацарганы гурван жимс, мөнх ногоон гурван навчны дэвсгэр дээр байрлуулсан нь титэм хэлбэртэй харагдах бөгөөд үүгээрээ жимс жимсгэнэ мөнхөд урган дэлгэрч үржихүйг бэлэгдэнэ.
3.2 МЖЖҮХ нь “Хүндэт ажилтан” “Тэргүүний ажилтан” зэрэг цол, тэмдэг шагналтай, гишүүний энгэрийн тэмдэгтэй байна. Мөн үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран бусад нэр төрлийн шагнал, урамшуулал үүсгэн хэрэглэж болно.
4.1 Зорилго;
Монгол оронд жимс, жимсгэний тариалалтыг өргөтгөх, байгалийн жимс жимсгэний нөөцийг хамгаалах, жимс жимсгэнэ болон бусад түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл, технологийг хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг гүнзгийрүүлэх үндсэн дээр хүн амын хүнсэн дэх жимс жимсгэнэ, түүний гаралтай бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, улмаар эдгээр бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах үйл ажиллагааг далайцтай, үр бүтээлтэй өрнүүлэхэд төр засгийн болон хувийн хэвшлийн байгууллага, гишүүд дэмжигчиддээ үйлчлэхэд оршино.
4.2 Зорилт;
4.2.1 Засгийн газрын бодлого, чиглэлийн хүрээнд жимс жимсгэний тариалалтыг зохистой нэмэгдүүлэх, сорт сорилт, селекцийн асуудалд онцгойлон анхаарч суулгац, үр, үрслэгээний үржүүлгийг стандартын шаардлагад нийцүүлж чанаржуулах,
4.1.2 Жимс жимсгэний шинжлэх ухааны судлалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх,
4.2.3 Жимс жимсгэнийг тариалах агротехнологийн арга ажиллагаанд дэвшилт технологи нэвтрүүлж нэгжээс хураах ургацыг нэмэгдүүлэх,
4.2.4 Жимс жимсгэнийг боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нөөцөд тулгуурлан өргөтгөх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх,
4.2.5 Жимс жимсгэний бүтээгдэхүүний зах зээл, маркетингийн сүлжээг боловсронгуй болгох, улмаар гадаад зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх,
4.2.6 Жимс жимсгэний салбарт ажиллах мэргэшсэн ажиллах хүч, мэргэжилтний нөөцийг бүрдүүлэх,
4.2.7 Байгалийн жимс, жимсгэний нөөцийг хамгаалах, таримал жимс, жимсгэний тариалалтыг байгаль хамгаалах чиглэлээр өргөжүүлэх,
5.1 Монголын жимс жимсгэний үндэсний холбоо нь жимс жимсгэнэ тариалагч, үйлдвэрлэгч, судлаач болон энэ чиглэлийн үйл ажиллагааг сонирхон дэмжигч байгууллага, иргэд сайн дурын үндсэн зарчимд тулгуурлан нэгдсэн ашгийн бус гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болно.
5.2 МЖЖҮХ бүтэц, зохион байгуулалтын хувьд удирдах дээд байгууллага нь Чуулган, түүний чөлөө цагт Удирдах зөвлөл бөгөөд түүнийг Тэргүүн удирдана. Гүйцэтгэх захиралыг гэрээгээр ажиллуулна. Үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран ажлын албатай байж болно. Мөн хяналтын зөвлөлтэй байна.
5.3 МЖЖҮХ нь орон нутгийн засаг захиргааны байршилаар салбар холбоо байгуулан ажиллуулж болно.
5.4 Салбар холбоо өөрийн дүрэмтэй байх ба тэр нь үндэсний холбооны дүрэм, зорилго, зорилттой уяалдаж нийцсэн байна.
5.5 Салбар холбоо өөрийн бэлэгдэл , тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас болон харилцах данстай байна.
5.6 Салбар холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхдээ МЖЖҮХ-ны нэгдсэн зохицуулалтаар улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж болно.
5.7 МЖЖҮХ нь салбар холбоодыг удирдлага, хяналт, санхүүгийн чиглэлээр дэмжиж ажиллана.
5.8 Салбар холбоо нь өөрийн санхүүгийн орлогыг өөртөө захиран зарцуулна. Харин холбооны чуулган болон холбооны шугамаар зохион байгуулж байгаа олон улсын ба улсын чанартай арга хэмжээний үед шаардлага гарвал зохих эх үүсвэрийг МЖЖҮХ -нд төвлөрүүлэхэд оролцох үүрэг хүлээнэ.
6.1 МЖЖҮХ болон салбар холбоонд тэдгээрийн дүрэм, зорилго, зорилтыг хүлээн зөвшөөрч, талархан дэмжигч дотоод, гадаадын аль ч байгууллага, иргэн гишүүнээр элсэж болно.
6.2 Элсэхийг хүссэн байгууллагын удирдлага, иргэн өөрийн хүсэлтээ МЖЖҮХ болон салбар холбоонд илэрхийлж гишүүний анкет бичиж, дүрэмд заагдсан татвараа төлж, гишүүнчлэлийн гэрчилгээ авснаар гишүүний эрх үүснэ.
6.3 Гишүүнчлэлийн бүртгэл холбооны бүтцийн хэмжээнд нэгдмэл байх ба МЖЖҮХ -ны тамга, тэмдэг бүхий гишүүний гэрчилгээгээр баталгаажна. Энэхүү гэрчилгээ нь үндэсний болон салбар холбоо бүрт тусгайлсан код бүхий дугаартай байна.
6.4 Гишүүн байгууллага, иргэн холбоонд жилд нэг удаа татвар төлөх ба жилийн татварын хэмжээг МЖЖҮХ -ны Удирдах зөвлөл тогтоосноор мөрдөнө.
7.1 Гишүүний эрх
7.1.1 МЖЖҮХ болон салбар холбооны удирдлагад сонгогдох, сонгох,
7.1.2 Холбооны үйл ажиллагааны талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх,
7.1.3 Цахим шуудан, цахим хуудсаар санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх болон мэдээ, мэдээлэл авах,
7.1.4 Холбооноос болон холбогдох байгууллагуудаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд (сургалт семинар, хурал зөвлөлгөөн, үзэсгэлэн худалдаа зэрэг) оролцох,
7.1.5 Холбооны үйл ажиллгаатай холбоотой дотоод, гадаадад зохиогдож байгаа арга хэмжээнд холбоогоор дэмжүүлэн оролцох,
7.1.6 Холбооны зөвлөх баг, мэргэжилтний үйлчилгээг (агротехнологи, техник технологи мөрдөх сонгох, төсөл боловсруулах, судалгаа туршилт хийх зэрэг) авах,
7.1.7 Төсвийн санхүүжилт, дотоод гадаад санхүүжилттай төсөл хөтөлбөрт хамрагдах төслийн шалгаруулалтад оролцоход дэмжлэг авах,
7.1.8 Бүтээгдэхүүнээ зах зээл, маркетингийн сүлжээнд холбох, энэ чиглэлийн мэдээ мэдээлэл авах,
7.1.9 Өөрийн бизнес, судалгааны үр дүнг төр засаг, мэргэжлийн ба олон нийт, төрийн бус байгууллагуудаар үнэлүүлэх, дүгнүүлэх, сурталчлуулах,
7.2 Гишүүний үүрэг
7.2.1 Холбоо зорилго, зорилтоо хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дэмжлэг үзүүлж ажиллах,
7.2.2 Асуудалд ил тод, шудрага, ардчилсан, эв эеийг хичээсэн зарчмаар хандах,
7.2.3 Холбоо, гишүүдийн үйл ажиллагааны амжилт, үр дүнг нийтэд сүрталчилах, түүнээс суралцах,
7.2.4 Өөрийн эрхлэж байгаа бизнес, судалгаа туршилт зэрэг ажлын хүрээнд технологийн горим, стандартын шаардлагыг чанд мөрдөж зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зарчмыг хатуу баримтлах,
7.2.5 Гишүүний татварыг тогтоосон хэмжээгээр гишүүнээр элсэхдээ болон жилд нэг удаа дөрөвдүгээр улиралд багтаан саадгүй төлж холбоонд санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
8.1 МЖЖҮХ-ны эрх барих дээд байгууллага нь Чуулган байна. Чуулганыг 2 жил тутамд нэг удаа хуралдуулна. Чуулганд сонгогдон оролцох төлөөлөгчдийн тоог МЖЖҮХ-ны Удирдах зөвлөл тогтооно. Чуулганд жимс жимсгэний ажил, мэргэжлийн болон салбар холбоодын төлөөллийг аль болох өргөн оролцуулна. Чуулган сонгогдсон төлөөлөгчдийн ердийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.
8.2 Чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
8.2.1 МЖЖҮХ – ны үйл ажиллагааны тайлан,
8.2.2 МЖЖҮХ – ны Хяналтын зөвлөлийн тайлан,
8.2.3 МЖЖҮХ – ны дүрэм,
8.2.4 МЖЖҮХ-ны Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөөс санал болгосон болон цаг үеийн шаардлагатай асуудал,
8.2.5 Зохион байгуулалтын асуудал,
а/ Удирдах зөвлөл сонгох,
б/ Хяналтын зөвлөл сонгох,
в/ Тэргүүнийг сонгож томилох,
8.3 Чуулган хэлэлцсэн асуудлыг оролцсон төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.
8.4 Дараахь үндэслэлээр ээлжит бус чуулган хуралдуулж болно.
8.4.1 Салбар холбоодын 75 – аас дээш хувь санал гаргаснаар,
8.4.2 Удирдах зөвлөлийн гишүүдийн 85 – аас дээш хувь санал гаргаснаар,
9.1 Чуулганы чөлөө цагт МЖЖҮХ-ны үйл ажиллагааг Удирдах зөвлөл удирдана. Удирдах зөвлөлийн гишүүдийг чуулганаас илээр нэр дэвшүүлж сонгоно. Удирдах зөвлөл 11-15 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүнийг 4 жилийн хугацаагаар сонгоно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд чацаргана, бусад жимс жимсгэний салбарын ажил, мэргэжлийн төлөөлөл гуравны хоёроос доошгүй оролцсон байвал зохино .
9.2 Удирдах зөвлөлийн хурлыг хагас жилд хоёроос доошгүй удаа хийнэ.
9.3 Удирдах зөвлөлийн хуралд гишүүдийн ердийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.
9.4 Гишүүн хүндэтгэх шалтгаанаар (өвчтэй, дотоод гадаад томилолттой болон бусад зайлшгүй хүндэтгэх) тухайн хуралд оролцох боломжгүй нөхцөлд хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж бичгээр болон цахим шуудангаар саналаа ирүүлсэн тохиолдолд ирцэнд оруулан тооцож болно.
9.5 Удирдах зөвлөл хэлэлцсэн асуудлыг ердийн олонхийн саналаар, санал тэнцсэн нөхцөлд хурал даргалагч буюу тэргүүний саналаар шийдвэрлэнэ.
9.6 Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг дэлгэрэнгүй хөтлөх ба шийдвэр нь тогтоолоор баталгаажна.
9.7 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхи болон тэргүүний санаачилгаар зарлан хуралдуулж болно.
9.8 Удирдах зөвлөлийн гишүүний орон гарсан тохиолдолд өмнөх чуулганд удирдах зөвлөлд нэр дэвшигчдээс авч байсан саналын тоог харгалзан нөхөн сонгож болно.
10.1 МЖЖҮХ -ны Удирдах зөвлөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
10.1.1 МЖЖҮХ -ны ойрын болон хэтийн үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг хэлэлцэж батлах,
10.1.2 Үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, биелэлтийг танилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх,
10.1.3 Жилийн төлөвлөгөө, тайлан, төсвийг хэлэлцэж батлах, нэмэлт өөрчлөлт оруулах,
10.1.4 Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах,
10.1.5 МЖЖҮХ -ны Чуулганыг зарлан хуралдуулах товыг тогтоох, түүний бэлтгэлийг хангуулж зохион байгуулах,
10.1.6 Чуулганд оролцох төлөөлөгчдийн хяналтын тоог тогтоох,
10.1.7 Гишүүн байгууллага, иргэний жилийн татварын хэмжээг тогтоох,
10.1.8 МЖЖҮХ -ны гүйцэтгэх захирлыг томилох чөлөөлөх, түүний эрх үүргийг тодорхойлж тогтоох,
10.1.9 Ажлын албаны бүтэц орон тоо, чиг үүрэг,цалин хөлсийг тогтоох,
10.1.10 Холбооны үйл ажиллагаа болон жимс, жимсгэний салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа байгууллага, иргэнийг төр, засгийн шагнал, шалгаруултад тодорхойлох,
10.2 Удирдах зөвлөлийн гишүүд асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй оролцоно.
10.3 Удирдах зөвлөлийн хурал хувь хүний асуудлыг шаардлагатай тохиолдолд нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
10.4 Удирдах зөвлөлийн хурлаас тогтоол, тэмдэглэл гаргана.
10.5 Үйл ажилгааны чиглэлийн дагуу дотоодын болон олон улсын байгууллагад гишүүнчлэлээр элсэх, гэрээ конвенцэд нэгдэн орох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
10.6 Үйл ажилгааны чиглэлийн дагуу бүртгэлжүүлж баталгаажуулан эзэмшиж байгаа газар зүйн заалт, патент зэргийг хуулийн этгээдэд ашиглах эрх олгох болон түүний үйл ажиллагаанд хяналт тавина.
10.7 Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах тухай саналыг чуулганд хэлэлцүүлнэ.
11.1 МЖЖҮХ -ны Хяналтын зөвлөл 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
11.2 Хяналтын зөвлөлийг чуулганаас сонгож байгуулна.
11.3 Хяналтын зөвлөлийн даргыг гишүүд дотроос нь сонгоно.
11.4 Хяналтын зөвлөл хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулна.
11.5 Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд удирдах зөвлөлийн хуралд таслах эрхгүйгээр оролцож болно.
11.6 Хяналтын зөвлөл үйл ажиллагааны хүрээнд байгууллага, хувь хүний талаар гаргуулж авсан болон олсон мэдээллийн нууцыг чандлан хадгална.
11.7 Хяналт шалгалтын явцад илэрсэн дутагдлыг арилгуулах, гарсан хохирлыг барагдуулах чиглэлээр холбооны удирдах байгууллага болон шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагад хандах эрхтэй.
11.8 Төлөвлөгөөт болон цаг үеийн хяналт шалгалтын төлөвлөгөөгөө удирдах зөвлөл, тэргүүнд танилцуулж холбогдох мэдээ мэдээлэл, судалгаа баримтыг гаргуулан авах эрхтэй.
12.1 МЖЖҮХ -ны Тэргүүнийг чуулганаас нэр дэвшүүлж олонхийн саналаар сонгох ба дараахь эрх эдлэж, үүрэг хүлээнэ.
12.1.1 МЖЖҮХ -г дотоод, гадаадад бүрэн төлөөлж, гэрээ хэлцэл байгуулах,
12.1.2 Удирдах зөвлөлийг даргалах,
12.1.3 Удирдах зөвлөлийн гишүүдэд ажил үүргийг хуваарьлан хариуцуулж, хяналт тавьж ажиллах,
12.1.4 Чуулган, удирдах зөвлөлийн ээлжит хурлаар хэлэцүүлэх бодлого чиглэл, асуудлуудыг төлөвлөн түүний бэлтгэлийг хангуулж, шаардлагатай гэж үзвэл ажлын хэсэг байгуулан ажиллуулах,
12.1.5 Гүйцэтгэх захиралтай удирдах зөвлөлөөс тогтоосон эрх үүргийнх нь хүрээнд гэрээ байгуулж гүйцэтгэлд нь хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгөх,
12.1.6 Удирдах зөвлөлийн хурлаас тэмдэглэл, тогтоолоор чиглэл болгосон болон хобооны бусад үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж хэрэгжүүлэх,
12.1.7 Удирдах зөвлөлөөс чиглэл болгосны дагуу санхүү, хөрөнгийг захиран зарцуулах,
12.1.8 Үйл ажиллагааны цар хүрээг харгалзан ажлын албаны орон тооны талаар удирдах зөвлөлд оруулах,
12.1.9 Хяналтын зөвлөлийг мэдээлэлтэй, хараат бус байж, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах,
12.1.10 Холбооны үйл ажиллагаанд идэвхи санаачилгатай оролцож, амжилт гаргасан салбар холбоо, гишүүд, тариалагч, үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд болон дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан дотоод, гадаадын байгууллага, иргэнийг МЖЖҮХ-ны шагналаар шагнах болон бусад хэлбэрээр урамшуулах,
13.1 Гүйцэтгэх захирлыг тэргүүний санал болгосноор Удирдах зөвлөлийн хурлаар томилно.
13.2 Гүйцэтгэх захирал дараахь эрх эдлэж, үүрэг хүлээнэ.
13.2.1 Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж ажлын албатай ажиллах,
13.2.2 Удирдах зөвлөл болон тэргүүнээс олгосон эрх хэмжээний хүрээнд санхүү, хөрөнгийг захиран зарцуулах,
13.2.3 Үйл ажиллагааны чиглэлтэй холбогдох салбарын төв болон орон нутгийн байгуулагууд, ТББ, төсөл, хөтөлбөрийн газруудтай холбооны ажлыг уялдуулах талаар санаачилга гарган ажиллах,
13.2.4 Удирдах зөвлөл болон тэргүүний чиглэл болгосноор дотоод, гадаадын байгууллагуудтай гэрээ, хэлцэл байгуулж гүйцэтгэлийг хянаж ажиллах,
13.2.5 Удирдах зөвлөл, тэргүүнд холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч санал бодлоо чөлөөтэй илэрхийлж ажил хэрэгч ажиллах,
14.1 Холбооны санхүү дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.
14.1.1 Гишүүн байгууллага, иргэдийн татвар, хандив,
14.1.2 Дотоод, гадаадын дэмжигч байгууллага, иргэдийн хандив,
14.1.3 Дүрмийн зорилго, зорилтоо хэргэжүүлэх явцад үйл ажиллагаанаас олсон орлого,
14.1.4 Төр, засгийн байгууллагын зарим чиг үүрэг, үйл ажиллагааг холбоогоор гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж улсын төсвөөс олгосон санхүүжилт,
14.1.5 Гадаад орны засгийн газар, олон улсын банк санхүүгийн байгууллагаас манай оронд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн газар, нэгжүүдтэй гэрээгээр хамтран гүйцэтгэсэн ажлын санхүүжилт,
14.1.6 Дээрх үйл ажиллагаануудын үр дүнд бүрдсэн үндсэн ба эргэлтийн хөрөнгө,
14.1.7 Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүрдсэн бусад эх үүсвэр,
14.2 Санхүүгийн тайланг гэрээгээр ажил гүйцэтгэх санхүүжилт авсан бол тухайн байгууллагад нь гэрээнд заасан хугацаанд нь, жилийн эцсийн санхүүгийн тайланг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор харъяа татварын газарт тус тус гаргаж тайлагнана.
15.1 МЖЖҮХ нь Чуулганаас олонхийн саналаар холбооны үйл ажиллагааг цаашид явуулах боломжгүй, эсвэл өөрчлөн байгуулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд татан буулгана.
15.2 Татан буулгах эсвэл өөрчлөн байгуулах шийдвэр эцэслэн гарсан нөхцөлд санхүүгийн тайлан гаргаж өмч хөрөнгийг гишүүдэд тэдний оролцоог харгалзан хуваарьлаж олгоно.
16.1 Дүрэм болон түүний өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.