ЖИМС ЖИМСГЭНЭ СУДЛАЛ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ХХААЯ, МЧТҮҮХ, ЧКС төсөл, Жимс, жимсгэний таримлын судалгааны Профессорын баг хамтран 2015 оны 6-р сарын 12-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг ХХААЯ-ны ГТБХГ-ын дарга Ц.Болорчулуун, БСШУЯ-ны газрын дарга Ж.Даваасамбуу нар нээж үг хэлэв.
Жимс, жимсгэний судалгааны өнөөгийн түвшин, хүрсэн үр дүнгийн талаар Дарханы УГТХ-ийн доктор Д.Оюунгэрэл, ХААИС-ийн доктор Д.Хандсүрэн, ШУТИС-ийн доктор Г.Төрмөнх, УХХ-ийн Б.Мөнхцэцэг, ХХТХ-ийн доктор П.Одонмажиг, ЕбСБХ-ийн доктор С.Жамьянсүрэн, Монос ЭСХ-ийн доктор А.Баянмөнх, Поливит ХХК-ний доктор Б.Балган нар тус тус, Чацарганы кластерын санаачилга төслийн талаар МУИС-ийн доктор Х.Цэвэлмаа нар илтгэл тавьж танилцуулав.
Мөн “Цөлжилтийн судалгааны төв”-ийн эрхлэгч доктор А.Хауленбек хэлэлцүүлэгт уригдан оролцож байгаль хамгаалах чиглэлээр жимс, жимсгэнийг тариалах боломжийн талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгээс хүлээгдэх үр дүн нь:
- Эх орны жимс, жимсгэний салбарын эрдэм шинжилгээ судалгааны өмнөх үеийн ажлын мэдээлэл, үр дүнг нэгтгэж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын бодлого чиглэл, үйл ажиллагаанд ашиглах,
- Салбарын баримтлах бодлого, чиг хандлагын төлөвийг цаашид тодорхойлох бодлогын баримт бичгийг боловсруулахад ашиглах,
- Энэ чиглэлээр хэрэгжих төсөл, судалгааны ажлуудыг уялдуулах, төрөлжүүлэх, давхардлыг багасгах, хоршиж ажиллах, хамтарсан судалгааны баг бүрдүүлэх зэрэг хамтын ажиллагааг бий болгох арга зам хэлэлцэж тодорхойлох,
- Салбарын судалгааны ажлын үр нөлөөг дээшлүүлэх, эрчимжүүлэхэд бодлого тодорхойлогчид болон үр дүнг нэвтрүүлэгч төр, аж ахуйн байгууллагуудад хүргэх асуудлыг тодорхойлж уламжлах,
- Цаашид хийх судалгааны ажлын эрэмбийг тодорхойлж тодорхой төслүүд боловсруулж шинжлэх ухааны төсөлд дэвшүүлэх, инновацийн болон бусад төсөл, хөтөлбөрийн дэмжлэг, санхүүжилт олох,
- ЧКС төслийн хүрээнд субьектуудын харилцан ойлголцол үр ашигтай хамтын ажиллагааг уялдуулж өргөжүүлэх замаар төслийн үр дүнг сайжруулж үйлдвэрлэлд шуурхай нэвтрүүлэх зэрэг юм.