ЗӨВ ХООЛЛОЛТ ЭРҮҮЛ ХҮНС АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй.

Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны салат ялангуяа ногоон навчит ногоо (green leafy vegetables буюу бууцай, чинцай, юуцай, цоо байцаа, яншуй, мөн брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү гэх мэт ногоон навчит ногоонууд болон бусад ногоон өнгөтэй ногоонууд) давамгайлсан салатыг түлхүү сонгож/бэлтгэж идээрэй! (Гэхдээ мэдээж давсалсан ногоо, мах буузыг хэт их хэмжээгээр хэрэглэхийг энд зөвлөөгүй.)

Учир нь ногоон өнгийн навчит ногоонд хлорофилл хэмээгч хар ногоон өнгийн пигмент агуулагддаг ба энэ нь цусны илүүдэл өөх тосыг багасгах, биеэс хэрэгцээгүй үлдэгдлийг хөөх, бүтэн биеийг хоргүйжүүлж, хордлого тайлах, цус төлжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг. Мах буюу уураг хэт их хэрэглэхэд биед олон төрлийн хорт бодисын хуримтлал үүсдэг эдгээрийг цаг тухайд саармагжуулж хоргүйжүүлж байх маш чухал.

Мөн бүх төрлийн ногоонууд бусад хүнстэй харьцуулахад хамгийн бага илчлэг өгдөг ч (дунджаар 70 г ногоо 20 ккал илчлэгтэй, гэтэл 70 г өөхтэй мах 200 ккал илчлэгтэй!!!), цатгах мэдрэмж төрүүлдэг, дотор нь агуулагдах уусдаг болон уусдаггүй эслэг нь өтгөн хатахаас сэргийлж цаашлаад бүдүүн шулуун гэдэсний өвчлөлөөс сэргийлэх, ялангуяа шинээр нь чанаж болголгүй идэхэд олон төрлийн биологийн идэвхт тэжээл, эрдэс, аминдэмээр хангаж, арьсны эрүүл толигор байдлыг сайжруулдаг гэх мэт маш олон ашиг тустай.

Өөх тосыг нэг дор хэт ихээр хэрэглэхэд элэг цөсний үйл ажиллагаа маш ихээр доголддог. Мах, бууз, майонез, хольсон тос, бүх төрлийн самар зэрэг нь өөх тосыг ихээр агуулдаг өндөр илчлэгтэй. Дэлгүүрийн лангуун дээр удаан хадгалагддаг бүх хүнс (консерв, лаазалсан жимс, давсалсан өргөст хэмх...) тос, давс, нөөшлөгч химийн бодис, сахарын илүүдэл хуримтлалыг биед үүсгэдэг. Тохиромжгүй нөхцөлд хадгалсан байж болзошгүй тул хордлого авах ч боломжтой. Тиймээс тухайн цаг үед шинээр бэлтгэсэн багахан хоолыг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө идэж байх нь хамгийн чухал.”Цаг цагаар нэг цаддаг, Цагаан сараар нэг цаддаг” гэж үг байдаг ч орчин үед энэ үгээр хөөрцөглөж, зохисгүй хооллох нь амь насанд маш халгаатай болж байна.   “Гэнэт олдсон хоол биш, Гэм хийсэн гэдэс биш” гэж үг байдаг. Соёлтой мэдлэгтэй байж, амтны боол болохгүй, зохистой хооллож, амьдралын зөв хэв дадалтай байх нь таны эрүүл мэндэд юу юунаас илүү чухал билээ.