Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй жимс жимсгэний салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Азийн бүс нутагт чацаргана болон бусад таримлын зах зээлийг хөгжүүлэх нь” Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 10-р сарын 30-нд МУИС, 31-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд боллоо. Энэ хуралд Герман, Непал, Пакистан, ОХУ, БНХАУ, Казакстан, Киргизстан, Латви зэрэг орнуудаас 36 төлөөлөгч оролцсоны дотор ОУ-ын Чацарганы холбооны дэд ерөнхийлөгч Томас Мойрсел, ерөнхий нарийн бичгийн дарга Жан Бин, УЗГ Ю.Зуберев, П.Учрал нар, дотоодын 120 гаруй төрийн байгууллага, эрдэмтэн, судлаач, салбарт ажиллагсдийн өргөн төлөөлөлтэй бүс нутгийн экосистем, эдийн засгийг хөгжүүлэх, салбарын ололт амжилт, туршлага, бэрхшээл, мэдээллийг хуваалцсан 30 гаруй илтгэл хэлэлцэгдэв.

Хурлын үеэр мэдлэг мэдээлэл, шилдэг туршлага, шинэлэг шийдлүүдийг хуваалцсанаас гадна үр дүнтэй түншлэл, харилцаа хамтын ажиллагааны эхлэл суурь тавигдаж Монгол орны төдийгүй Азийн бүс нутаг дахь Жимс, жимсгэнийн салбарын гол төлөөлөл болох чацаргана жимсгэнийн тариалан үйлдвэрлэлийг хөгжлийн дараагийн шатанд хүргэх, үйлдвэрлэл бүтээгдэхүүний чанарыг сайжруулаад зогсохгүй, хойч үе байгаль орчинд ээлтэй, тогтвортой тариалан эрхлэхийг уриаллаа.

Уг хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран оролцсон ХХААХҮЯ, МУИС, МУИС-ийн ЭЗХ, ХААИС-ийн АЭС болон Монгол улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөл /ITDM/, манай холбооны гишүүн байгууллагуудад гүн талархал илэрхийлье.