Жимс жимсгэний аж ахуй эрхлэхэд анхаарах асуудал
Миний бие Г.Дэлгэрсуурь нь 2009 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт байрлах Поливит ХХК-д талбайн агрономич, суулгац үржүүллэгийн агрономчоор 13 жил ажилласан байна.
Манай компани 36 га талбайд чацаргана, 6 га үхэр нүд, суулгац үржүүлгийн 9 хүлэмж, яст болон үрт жимсний 1,5 га, нарийн ногооны 5 хүлэмж, 3 га бойжууллагын талбай бүхий нийт 50 га талбайд тариалалт хийж түр болон байнгын 20-60 хүн хариуцан ажилладаг.
Жимс жимсгэний аж ахуй эрхлэхэд анхнаасаа алсын болон ойрын төлөвлөлт, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх, хоршиж хөгжүүлэх бизнес төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж бодож байна.
Анхаарах асуудал:
Ажиллах хүч, дэд бүтэц, цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг хүчин зүйлүүдийг сайтар анхаарч үзэх хэрэгтэй.
- Жимс жимсгэний аж ахуй нь ашиг орлогоор төдийлөн сайнгүй тул анхнаасаа олон төрлийн мэргэжилтэй, гарын ур дүйтэй, ажилдаа үнэнч шудрага хүмүүсийг сонгож ажиллуулах нь зүйтэй.
- Тухайн бүс нутгийн цаг уур, ажиллах хүчний бололцоо, усны эх үүсвэр, хөрөнгө мөнгө, зах зээлийн эрэлт хэрэгцээндээ тулгуурлан тарималаа зөв сонгож тариалалт хийхгүй бол хүндрэлтэй байдалд орж болзошгүй.
- Жимс жимсгэний аж ахуйд хөрөнгө мөнгө маш их шаардагдах тул урт хугацааны бага хүүтэй зээл, бага оврын техник тоног төхөөрөмж /хадлангийн техник, хөлдөөгч, ургац хураах тоног төхөөрөмж/ авахад төрийн тусламж, дэмжлэг чухал шаардлагатай байна.
- Мэргэжлийн байгууллагууд, гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын зөвлөгөө, хамтын ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх сургалт курсууд болон туршлага солилцох ажлуудыг тасралтгүй зохион байгуулвал хэрэгтэй байна.
Батсүмбэр суманд Жимс жимсгэнэ тариалсан талаар :
Анх 2000 оноос эхлэн чацаргана тариалж эхэлсэн бөгөөд нутаг орны хөрс цаг агаар, ажиллах хүч, тухайн компанийн эдийн засгийн боломж бололцоо зэрэг таатай үзүүлэлтээс хамааран 18 жил тасралтгүй жил бүр арвин ургац хураан зах зээлд нийлүүлж байна. Үйлдвэрлэлийн 1га талбайгаас тухайн жилийн цаг уур, ажиллах хүчнээс хамааран 3-5тн ургац хураан байгаа бөгөөд Чуйская, Обильная, Оранжевая, Обская, Великан, Елизавета, Иня сортууд арвин ургац өгч сайн нутагшиж байгаа.
Чацаргана тариалахад анхаарах гол зүйл нь:
Сортын сонголт /том жимстэй, өргөсгүй, намхан ургадаг, хальс зузаан, тосны агууламж өндөр г.м/
Хашаа хамгаалалт /Мал амьтан, салхи шуурга үер усанд автахааргүй бат бөх материалаар барих/
Хамгаалалтын ойн зурвас: Усны эх үүсвэрийг олон жилийн төлөвлөгөөтэй тооцож тариалалтаа хийвэл монгол орны өнцөг булан бүрт тариалах бололцоотой бөгөөд айл өрх бүрт 10 мод тариалах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн ангиуд зэрэг төрийн байгууллагууд ч 1 га хүртэл тариалалт хийх бүрэн боломжтой.
Үхэр нүд:
Үхэр нүд нь харьцангуй дулаансаг таримал учраас хаврын цочир хүйтрэлт ихтэй газарт тариалах нь тохиромж муутай. Батсүмбэрт 5 га талбайгаас 15 жилийн хугацаанд 3 удаа арвин буюу 1 га-с 1-1,5 кг ургац хураасан бөгөөд бусад жил нь ургац алдсан ба ургацгүй жил арчилгааны зардал гардаг учир эдийн засгийн хувьд алдагдалтай байдаг. /Приморьский чемпион, Софья сортууд тариалсан/
Иймд сортын сонголт, хамгаалалтын зурвас, утаа май тавих шинэлэг арга, бороожуулах төхөөрөмж, тунелэн хучлага зэрэг аргуудыг хэрэглэж жил бүр арвин ургац авах хэмжээндээ тариалалт хийх хэрэгтэй. Өрхийн тариалан болон хүлэмжинд тариалж болох бөгөөд жимс нь эрэлт ихтэй үнэ нь өсөж байгаа эрүүл мэндэд тустай жимс юм. Мөн улаан болон цагаан үхэр нүд тариалсан ба амжилттай ургаж байна.
Интоор, Бөөрөлзгөнө:
Манайд тариалж байгаа сортууд нь өвөлд тэсвэргүй хучиж өвөлжүүлдэг нь ажиллагаа ихтэйд тооцогддог. Хучиж өвөлжүүлснээр 1 бутнаас 2-3кг ургац хураах бөгөөд зах зээлийн эрэлт болон ханш өндөртэй таримал юм. Өрхийн талбайд 10-20ш тариалахад тохиромжтой, хучлагын шинэ аргуудыг туршиж амархан хучиж болвол үйлдвэрлэлийн хэмжээнд тариалах бүрэн бололцоотой. /Бөөрөлзгөнө Барнаулский сорт, интоор нь хар интоор/
Алим, Чавга:
2014 оноос алим тариалах туршилтын ажлуудыг хийж эхлэн давжаа болон бэсрэг алимны 10, торниун алимны 1, Чавганы 10 сортыг тариалж 2016 оноос эхлэн анхны ургацаа хурааж эхэлсэн. Сортын онцлог, тухайн жилийн цаг уур, усалгаа, арчилгаа, арга туршлага зэргээс хамааран өвөлд тэсвэрлэх чадвар нь харилцан адилгүй байна. Алим тариалах талбайн ургамал ургалтын хугацаа, дулааны нийлбэр, хамгаалалтын зурвас, хөрсний бүтэц, усалгаа, бордоо, ургамал хамгаалал, таналт тайралт, хучилт зэргийг технологийн дагуу зөв хийх хэрэгтэй юм.
Алим, чавга тариалахад манай орон тийм ч таагүй биш бөгөөд бүс нутгаа маш зөв сонгох хэрэгтэй. Өрхийн тариаланд 10-20ш мод тариалах нь тохиромжтой ба сүүлийн үед шинээр дэлгэрч байгаа баганан алим, одой хэлбэрийн алимыг хүлэмж болон хашаандаа тариалж болно.
Чавга нь хаварт эрт цэцэглэдэг бөгөөд салхи багатай нөмөр газарт тариалах нь зүйтэй. Боломжтой бол өвөлд хучиж өвөлжүүлж дасгах нь түргэн ургац хураах үндэс болно.
Бэсрэг алимны Юнга, Уральский наливное, Синап минусинский, Заветное, Алтайская румяное, Алтайская десертная сортууд амжиллтай ургаж байгаа ч үр жимсээ өгөх тал дээр харилцан адилгүй байна.
Чавганы Шаравая, Подарок чемала Пересвет Черное поздуняя, Ожерело сортууд ургацаа өгч нутагших хандлагатай байна.
Суулгац үржүүлэг:
Батсүмбэр сумын хөрс цаг уурын нөхцөл суулгац үржүүлэхэд тохиромжтой. Үрээр, ногоон мөчрөөр, модожсон мөчрөөр, сэжимээр, залгаадсаар, нугалаадсаар зэрэг бүхий л аргаар 1,5 сая гаруй суулгацыг хамт олны хүчээр үржүүлсэн байна.
Суулгац үржүүлэгчид хөрсөө сайн боловсруулах, багаж тоног төхөөрөмж, усалгааны системээр тоноглогдсон байх шаардлагатай ба сортын эх цэцэрлэгээс стандартын дагуу үржүүлэг хийх хэрэгтэй.
Суулгац үржүүлэхэд гол тулгамддаг асуудал нь борлуулалт юм. Борлуулалт сайн байвал суулгац үржүүлэгээ нэмэгдүүлж ашиг орлого олох бүрэн бололцоотой юм. Иймээс аймаг орон нутаг төрийн худалдан авалтад оролцох зайлшгүй шаардлагатай байна. Төрийн захиалгаар суулгац үржүүлж өгвөл аль аль талдаа хэрэгтэй дэмжлэг болно. Орон нутгийн уул уурхайн нөхөн сэргээлт, ойн нөхөн сэргээлт, цөлжилтөнд, болон гол дагуу чацарганы төгөл ихээр байгуулвал байгаль экологидоо болон орон нутагт ажлын байр шинээр нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.
Тэрбум мод үндэсний хөтөлбөрт жимс жимсгэнэ ихээр тариалахад анхаарвал эдийн засагт өндөр ашигтай.
Хүний нөөц ба бусад асуудал:
Жимс жимсгэний үйлдвэрлэлийн талбайд ажилладаг хүний хувьд Чацаргана хөтөлбөр маш үр дүнтэй хөтөлбөр болсон гэж дүгнэж байгаа бөгөөд цаашид жимсээ худалдан борлуулах, гадагшаа экспортлох тал дээр анхаарахгүй бол ихэнх чацаргана тариалагчид жимсээ борлуулж чадахгүй өр зээлээ төлж дийлэхгүй дампуурахад хүрээд байна. Үйлдвэрүүдийн түүхий эд хангагдсан нөхцөлд бидэнд борлуулах суваг байхгүй болж өндөр үнээр түүлгэсэн чацарганаа түрээсийн зооринд хадгалуулж эдийн засгийн дарамтанд орж байна. Мөн импортын жимс жүүсийг хориглох, татварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
Бидний хадгалсан чацаргана цаашид борлогдох эсэх нь тодорхойгүй байна. Зарим тариаланчид байр сууцаа барьцаанд тавин ажиллаж байна, зарим нь чацарганы модоо сугалж ногоон тэжээл хүнсний ногоо тариалахаар төлөвлөж байгаа нь аргаа барсныг илтгэж байна.
Төр засгаас бага хүүтэй зээл, урамшуулал, төрийн худалдан авалт, техник тоног төхөөрөмж гээд хүсэх зүйл олон л байна.
Жимс жимсгэнэ хөтөлбөрийн хувьд сайн хөтөлбөр болсон ба нэгэнт хэрэгжээгүй учраас яаралтай нэрийг нь өөрчлөн хэмжээг нь багасгаж дахин батлуулах тал дээр анхаарч ямар нэгэн хөтөлбөртэй явах нь хэрэгтэй байна.
Улаанбаатар хот. 2022-04-08