Монголын жимс жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргалын гуай Халх гол, Онон, Хэрлэнгийн сав нутагт жимс, жимсгэнийн тариалан эрхлэх нь нэн ирээдүйтэй…

Энэ үеэр Монгол орны Мезо уур амьсгалын зураглалын судалгааны дүнг танилцуулсан юм.

Монголын жимс жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргалаас тус судалгааны үр дүнг болон манай улсын жимсний хэрэглээний талаар тодрууллаа.

-Мезо уур амьсгалын судалгаагаар юуг тодорхойлох боломжтой тухай манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?
-Энгийнээр тайлбарлахад аливаа ургамлын ургах, тариалах, өсөж үр ашиг шимээ өгөхөд уур амьсгалын нөлөөлөл гэдэг ойлголт хамгийн чухал.
Тиймээс хөрс, ус, дулаан, чийг, гэрэл гэх мэт ургамлын ургах таатай нөхцлүүдийг агуулсан хэлбэрийг мезо уур амьсгалын үзүүлэлтэд авч үздэг.
Иймд мезо уур амьсгалын судалгаагаар аль бүс нутагт ямар жимс, жимсгэнэ тариалах бололцоотойг судалж болно гэсэн үг.
Бид Монгол орны аль бүс нутагт ямар жимс жимсгэнэ тариалахад тохиромжтойг тодорхойлох үүднээс мезо уур амьсгалын судалгааг хийсэн.
Тус судалгаагаар 39 сумыг сонгон авч тэнд ажиллаж байгаа станцуудын өмнөх 20 жилийн буюу 1999-2018 оны үзүүлэлтийг харьцуулж дараагийн 30-40 жилийн урьдчилсан мэдээндээ нэгтгэсэн.
Өөрөөр хэлбэл бид стратегийн баримт бичиг буюу дунд хугацааны жимс жимсгэнэ хөгжлийн талаар цаашид төрөөс баримтлах бодлогын төслийг хийж өнөөдөр ХХААХҮЯ-д өгч байна.
-Мезо уур амьсгалын судалгаагаар Монголын нутагт ямар төрлийн жимс тариалах боломжтой гэж гарсан бэ?
-Бид эдийн засгийн бүсчлэлээр нь Баруун, Зүүн, Төвийн, Хангайн, Говийн бүс гэх мэтээр тус тус ангилж гаргасан учраас бүгдийг нь дэлгэрэнгүй хэлэх боломжгүй.
Зарим дүнгээс дурдвал, Зүүн бүс нутагт жимсний тариалан төдийлөн дэлгэрээгүй боловч чацаргана, үхрийн нүд, бөөрөлзгөнө, тошлой, нэрс, далан хальс зэрэг жимсгэнийн ургамлууд тариалах боломжтой дээр бэсрэг болон давжаа алимыг хучлагагүй, чавга, бүх төрлийн интоор, баганан хэлбэрийн алим зэрэг жимсгэнийг хучлагагүй буюу хөнгөн хучлагатай тариалж болно.
Харин дэлгэмэл алимыг хучлагатай тариалахад тохиромжтой.
Ялангуяа Халх гол, Онон, Хэрлэнгийн сав нутгийн чийг, дулааны нөөцийг ашиглан жимс жимсгэнийн тариалан эрхлэх нь нэн ирээдүйтэй гэж үзсэн. Хангайн бүсэд хүн ихээр төвлөрсөн бүс нутаг учраас зах зээлд ойрхон давуу нөхцөлөө ашиглан жимсний аж ахуй эрхлэх боломжтой бүс.
Баруун бүс ч мөн ялгаагүй бөгөөд статистикийн мэдээнээс үзэхэд 2015-2017 оны жимс жимсгэнийн ургацын 50-70 хувийг бэлтгэсэн байна. Харин төвийн бүсэд жимс жимсгэнийн аж ахуйг кластераар хөгжүүлэх, агротехнологид нь усалгааны дэвшилтэд аргыг нэвтрүүлэх шаардлагатай гэсэн дүн гарсан.
Үүнээс нэг зүйлийг онцолж хэлэхэд мезо уур амьсгалын судалгаагаар яг аль бүсэд таарна таарахгүй гэж шууд заах нь харьцангуй бас ойлголт.
Хэрвээ агротехнологийнхоо горимыг баримтлаад жимс тариалж чадвал Монгол орны аль ч бүсэд ямар ч жимс ургах боломжтой. Хамгийн гол нь манайхан талбайд зөвхөн жимс тариална гэдэг ойлголтыг бид одоо толгойноосоо нэг мөсөн авч хаях цаг болсон.
Учир нь дулаан шаарддаг банана, жүрж, усан үзэм гэх мэт жимсийг хүлэмжийн нөхцөлд тариалах туршлага Хятад, Солонгос гэх мэт орнуудад бий. Үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй.
Гэвч монгол хүний мод тарих сэтгэлгээ нь хавар. Тэгээд бүтэн жилийн турш арчлахгүй явж байгаад дараа хавар нь дахиад өөр мод суулгах, эсвэл зүгээр услах зэргээр ханддаг нь харамсалтай.
Тиймээс хамгийн гол нь агротехнологио мөрдөж, ойн зурвасаа байгуулах асуудал бий.
-Манай улсын хувьд жимс жимсгэнэ тариалалт ямар хэмжээнд байгаа бол ?

Манай улсад анх 1954 онд л жимс жимсгэнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр туршлага судлалын станц Төв аймгийн Шаамарт байгуулагдаж байсан. Үүгээр жимс жимсгэнийн салбар үүссэн гэж үздэг. Энэ жил энэ салбар үүсэж хөгжсөний 65 жилийн ой тохиож байна.
Засгийн газраас 2010-2016 онд Чацаргана гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Харин одоо 2018-2022 онд Жимс жимсгэнийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр явж байна. Үүний үр дүнд жимс жимсгэнийн аж ахуй дахин сэргэж хөгжиж байна гэж хэлж болох юм.
Одоогоор улсын хэмжээнд 6,400 га талбайд жимс, жимсгэнэ тарьж байна. Үүнээс 5,800 орчим га талбайд чацаргана бий.
Мөн аж ахуйн зориулалтаар буюу 5-с дээш га талбайд жимс жимсгэнэ тариалдаг ААН нь 30 орчим байдаг. Харин боловсруулах цех, үйлдвэр 40 орчим байна.
Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотооддоо тариалсан жимс байгалийн жимстэйгээ нийлээд өөрсдийн хэрэгцээний 10 хувийг ч хангадаггүй.
Харин үлдсэн 90 хувийг гаднаас импортолдог. Энэ бол Монгол Улс жилд 20-25 мянган тонн жимс оруулж ирдэг гэсэн үг.
Нэг килограмм жимсийг дунджаар 5,000 төгрөг гэж бодоход жилд бид 100-125 тэрбум төгрөгийг зөвхөн жимсний хэрэгцээнд гадагшаа урсгаж байна.
Түүнээс гадна гаднаас орж ирж байгаа жимс нь хүнсний аюулгүй байдал талаасаа бодохоор тийм ч итгэл төрүүлэхээр биш шүү дээ.
Тиймээс дотооддоо жимс жимсгэнийн аж ахуйгаа хөгжүүлбэл маш олон талын боломжууд бий болно.
Тухайлбал, хөдөө орон нутагт ажлын байр олон бий болох, өрхийн болоод ААН-үүдийн орлогыг нэмэгдүүлэх гэх мэт сайн үр дүнтэй.
Наад зах нь мод тарихад дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс өөрсдийгөө хамгаалах нэг хүчин зүйл болно. Хэрвээ тэгж чадвал бид дотоодын хэрэгцээгээ хангаж, гадагшаа хөрөнгөө урсгахгүйгээс гадна гаднын орнуудад экспортлох ч боломжтой.
Манай улсын экспортын баримжаатай жимсний төрлийн бүтээгдэхүүн нь чацаргана.
Чацарганыг хүнс, гоо сайхан, эрүүл мэндийн маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа учраас дэлхий дахин сонирхдог.