МОНГОЛЫН ЧАЦАРГАНЫ КЛАСТРИЙН  АНХДУГААР ФОРУМ БОЛОВ

“Монголын чацарганыг дэлхийн зах зээлд” уриатай Чацарганы кластерийн анхдугаар форумын МҮХАҮТ, ЕХ-ны “Монол улсын худалдааг дэмжих” төсөл, МҮХАҮТ Германы Худалдааны танхимуудын хамтын  “Провалю” төсөл болон Монголын чацарганы кластер, МЖЖҮХ хамтран 2020.11.10-нд зохион байгууллаа. 

 Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын голлох бүтээгдэхүүний нэг нь амин дэм, шимт чанарын өндөр агууламжтай жимс жимсгэнэ ба тэдгээрийг дангаар нь болон бусад хүнстэй хослуулан үйлдвэрлэсэн  хүнсний бүтээгдэхүүн билээ. Хүн амын өдөр тутмын хүнсний хэрэгцээний орц, нормын 20-иос багагүй хувь нь энэ төрлийн хүнс байх шаардлагатай гэж үздэг. Гэтэл өнөөдөр бид энэ төрлийн хүнснийхээ 10 хүрэхгүй хувийг дотоодоосоо дөнгөн данган хангаж, цаад 90 гаруй хувийг    импортлон хэрэглэж байгаа нь хүнсний аюулгүй байдал болон эдийн засгийн агуулгаараа ч анхаарал татсан асуудал болж байна.  

Энэ байдалд төр засгийн зүгээс багагүй анхаарал хандуулж 2010 онд “Чацаргана (2010-2016), 2017 онд “Жимс жимсгэнэ” (2018-2022) үндэсний хөтөлбөрүүд батлан хэрэгжүүлж ирсэн нь манай орны жимс жимсгэний тариаланг 7 дахин, хураан авах жимсийг 3-5 дахин нэмэгдүүлсэн, боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал өсч, техник технологийн дэвшил  гарч бүтээгдэхүүн нэр төрөл олширч, чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаж байгаа  нь энэ салбарт зохих хэмжээний ахиц, өөрчлөлт гарч байгаагийн жишээ болно. 

Төр, засгаас жимс жимсгэний салбарт явуулж байгаа бодлогыг манай орны ХХАА-н салбарт  төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа НҮБ-ын ХХААБ, ХААХОУС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын холбоо, Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы худалдааны танхимууд, БНСУ-ын КОЙКА, АФАСИ зэрэг байгууллагуудад талархал илэрхийлж байна. 

Энэхүү хамтран зохион байгуулж байгаа арга хэмжээний нэр, урианаас та олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татлаа. Хэдийгээр жимс жимсгэнэ, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хангамж дотооддоо  учир дутагдалтай байгаа ч Монгол орны байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд зохицсон унаган ургамал болох байгалийн ба таримал чацарганы бүтээгдэхүүнийг гадаад зах зээлээс сонирхох асуудал нилээд эрчимжиж байгаа нь бидний экспортын орлогыг татах чухал эх үүсвэр болох хандлага эрс нэмэгдэж байна. 

Монгол орны байгалийн ба таримал чацаргана нь эх орны байгаль цаг уур болон хөрс, усны онцлогоос хамааран жимсний биохимийн найрлага дахь амин дэм, эрдэс бодис, амин хүчлүүд зэрэг үнэ цэнэтэй бодисын агууламжаараа Ази, Европын бүс нутгийн орнуудын чацарганыхаас эрс ялгаатай байдгаараа гадаад орнуудын анхаарлыг илүү татаж байгаа билээ. 

Иймд бид хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд өндөр шаардлага тавьдаг гадаад орнуудын зах зээлд чацарганы бүтээгдэхүүнийг танилцуулж экспортыг алхам алхамаар тэлэн нэмэгдүүлэхийн тулд бүрэлдэн тогтож, эрчимжиж байгаа Чацарганы кластерийн санаачилгын үйл ажиллагаагаа тогтмолжуулан Чацарганы кластерийн байгууллага болгон бэхжүүлж байж  цаашдаа амжилтанд хүрч чадна гэж үзэж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд хаана хаанаа анхаарч хамтын хүч, анхаарлыг чиглүүлэх хэрэгтэй байна. 

Чацарганы тариалалт, үйлдвэрлэгчдэд  төр засгаас хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн зохистой эх үүсвэрээр дэмжих, сорт сорил селекцийн болон бүтээгдэхүүн хөгжүүлэх шинжлэх ухааны судалгаа, туршилтыг өргөжүүлэхэд чиглэсэн  тогтвортой бодлого хэрэгжүүлж ажиллавал чацарганы салбарыг кластераар хөгжүүлж дотоод, гадаад зах зээлд хүнс, хүнсний нэмэлт, эрүүл мэнд, гоо сайхны олон нэр төрлийн өндөр чанартай, эко бүтээгдэхүүнийг нийлүүлж Монгол орныхоо нэрийг өргөн таниулж, экспортын орлогыг нэмэгдүүлэх томоохон боломж байна гэж үзэж байна. 

Түүнчлэн манай орны ХХАА-н салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын болон банк санхүүгийн байгууллага, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд чацаргана, бусад жимс жимсгэний тарилалт, бүтээгдэхүүний судалгаа-хөгжлийн ажлыг өргөн цар хүрээтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж хэрэгжүүлэхэд онцлон анхаарч дэмжлэг үзүүлж ажиллавал тавьж байгаа зорилгоо хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болно. 

Монголын чацарганы бүтээхдэхүүн олон улсын анхааралд өртөж байгаа боломжийг бодит үйл ажиллагаа болгохын төлөө тал бүрийн хамтын ажиллагаагаа өргөжүүлжүүлэх үүднээс форумаар ярилцах чиглэл сэдвийг тэдгээртэй уялдуулж тусган хэлэлцүүлсэн болно.Форумд  төр засаг, эрдэм шинжилгээ, сургалтын болон төсөл хөтөлбөр, төрийн бус байгуулага, чацарганы тариалалт боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн зэрэг 120 гаруй хүн оролцож  тал бүрийн мэдээлэл авч      

 - бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба инноваци,          

- Европын холбооны зах зээлд нэвтрэх стратеги ба брендинг,                      

 - Чацарганы кластерийн хөгжүүлэлт ба экспорт,                  

 - Үйлдвэрлэлийн сайжруулалт (өртгийн сүлжээ),

- Олон улсын чанарын гэрчилгээ авах арга зам гэсэн чиглэлүүдээр бүлгүүдийн ажил хэрэгч ярилцлага хийж тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж цаашид хийх ажлынхаа чиглэлийг гаргацгаав.