Польш улсын Прушков хотод 2024 оны 8 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Олон улсын чацарганы холбооны Европын бүсийн 6 дахь удаагийн “Чацаргана-уулзалт, семинар” зохион байгуулагдав. Тус уулзалт семинарт Герман, Польш, Франц, Финланд, Литва, Латви, Румын, Молдав, Монгол, Хятад зэрэг орны 50 гаруй төлөөлөгч, түүний дотор Монголын жимс жимсгэний үндэсний холбоог төлөөлж тус холбооны дэд тэргүүн Пүрэвийн Учрал уригдан оролцов.
Энэхүү уулзалт-семинарт чацаргана тариалагч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудад энэ салбарт гарч буй дэвшилтэд ололт амжилт, эрдэм шинжилгээ судалгаа зэрэг болон хэтийн төлвийн тухай хэлэлцэж санал солилцлоо.
Олон улсын чацарганы холбоо нь анх 1995 онд байгуулагдаж, 1999 оноос хойш Олон улсын чацарганы холбоо нэртэйгээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монголын жимс жимсгэний үндэсний холбоо 2011 онд албан ёсны гишүүнчлэлээр элсэн орж зохих үйл ажиллагаанд тогтмол оролцон ажиллаж байна. ОУ-ын чацарганы холбооны төв нь БНХАУ-ын Бээжин хотод байршиж гишүүн орнуудын төлөөллөөс сонгогдсон Удирдах зөвлөл гол үйл ажиллагаагаа төлөвлөн нэгтгэн удирдаж ажилладаг. Тус холбооноос 2 жил тутамд чацарганы салбарт гарч буй ололт амжилт, шинэ дэвшилт техник технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээл маркетингийн байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэ удаагийн уулзалт-семинарын үеэр Олон улсын чацарганы холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан болж Монгол, Канад, ОХУ-аас шинээр 3 гишүүн сонгогдсоноос манай Удирдах зөвлөлөөс хүргүүлсэн саналын дагуу манай орноос анх удаа МЖЖҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд тэргүүн, “Хар хорин” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Пүрэвийн Учрал сонгогдлоо.
Монгол Улсын төлөөлөл ОУЧХ-ны Удирдах зөвлөлд сонгогдсон явдал нь манай улсад чацарганы салбар хөгжиж, түүний зах зээл өргөжин тэлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ салбарт олон улсын хэмжээнд болж буй үйл явдал, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи, нарийн судалгаа шинжилгээний ажлын ололт амжилтын талаар байнгын шинэ мэдээлэл авч байхын зэргэцээ олон талт бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болох юм.
ОУЧХ-ны 2023 оны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ээлжит 10 дахь удаагийн хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо "Экологи, шим тэжээл, хүний эрүүл мэндэд зориулсан чацарганы инноваци" гэсэн үндсэн сэдвийн дор 2025 оны 9 дүгээр сарын эхээр зохион байгуулагдах бөгөөд Олон улсын чацарганы холбооны Удирдах зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын газрын удирдлага дор Ордосын Ус хамгаалах товчоо, Ордосын чацарганы холбоо (Өвөр Монголын Chundian Industrial Co.,Ltd) зэрэг зохион байгуулагчид хурлын ажлын хэсэг байгуулж олон талт бэлтгэл ажлыг идэвхтэй хийж эхлээд байгааг тус Удирдах зөвлөлийн хурал дээр албан ёсоор мэдээлснийг та бүхэнд хүргэж байна.