Жимс, жимсгэний үйлдвэрлэл

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Чацаргана” хөтөлбөрт жимс, жимсгэний салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, тариалалт, боловсруулалтын технологийг боловсронгуй болгох арга хэмжээ авч 2016 онд 20.0 мянган га талбайд чацаргана болон бусад жимс  жимсгэнэ тариалан түүнийг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилтуудыг дэвшүүлэн тавьсан.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг байгуулан хөтөлбөрийн хүрээнд 2011-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Мөн аймаг, орон нутаг бүр “Чацаргана” дэд хөтөлбөр батлан гаргаж, хэрэгжүүлж байна. 2015онд “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улсын төсвөөс 306.4 сая төгрөгийн ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж хэрэгжүүлээд байна.

Хэрэгжүүлсэн арга хэмжээ:

“Жимс жимсгэнэ судлал” уулзалт хэлэлцүүлгийг 2015 оны 06 дугаарын 12-ний өдөр Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт БСШУЯ, ХААИС, ШУТИС, ХХТХ зэрэг эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагууд жимс жимсгэнэ тариалагч, боловсруулагч аж ахуйн нэгжүүдийн 70 төлөөлөл оролцож жимс жимсгэний чиглэлээр хэрэгжүүлж буй судалгаа шинжилгээний ажлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээр санал бодлоо солилцов.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”-ийн хөрөнгө оруулалт, зээлийн хөтөлбөрт чацаргана тариалагч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгж хамрагдах боломжтой болсноор нэгдсэн өртгийн сүлжээ бий болох, тариалалт нэмэгдэх, үйлдвэрлэл хөгжих, бүтээгдэхүүний чанар сайжрах боломж бүрдэж байна.

Жимс жимсгэний аж ахуй эрхлэгчдэд тус бүр нь 5 га услах 20 иж бүрдэл усанд хэмнэлттэй, дэвшилтэт дуслын усалгааны төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалт зохион байгуулж, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хүлээн авч, жимс жимсгэний усалгаатай талбайг 100 га –гаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв. 
        
2013 онд худалдан авсан чацарганы үлдэгдэл суулгацыг зээлээр олгох төсөл шалгаруулалтыг ТЭДС-тай хамтран зохион байгуулж 12 аймаг, нийслэлийн 60 иргэн, аж ахуйн нэгжид 100160 ширхэг суулгац зээлээр олгож тариалалтыг 80.1 га талбайгаар нэмэгдүүлэв.

Жимсний нутагшсан сортуудын катологи хэвлүүлэх, хүйтэнд тэсвэртэй жимсний сортуудыг турших, нутагшуулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт зохион байгуулж ХААИС-ийн Агробиологийн сургуультай гэрээ байгуулан хэрэгжүүлэв.

Зах зээл бэлчээрийн удирдлага төсөл, МЧТҮҮХ-той хамтран ажиллаж “Чацарганы цэвэр шүүс, нектар, технологийн шаардлага” MNS-2015 стандартыг олон улсын стандартад нийцүүлэн шинээр боловсруулан шат шатны хэлэлцүүлэг зохион байгуулж Стандартчиллын үндэсний зөвлөлөөр 2015 оны 12-сарын 27-ны өдөр хэлэлцүүлэн батлуулав. Үүний үр дүнд чацарганы шүүсны чанар сайжрах нөхцөл бүрдэв.

Чацарганыг газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгэлжүүлэх, шинж чанар найрлагыг тодорхойлох, нэгдсэн өртгийн сүлжээ бий болгох зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж МЧТҮҮХ-той гэрээ байгуулан 2015 оны 6 сард “Жимс судлал”, 11 сард “Чацарганы өртгийн сүлжээний санхүүжилт”, 9 сард “Газарзүйн заалттай бүтээгдэхүүн бүртгэлжүүлэх” уулзалт, хэлэлцүүлэг,  хэрэгжилтийг зохион байгуулж, тайланг хүлээн аваад байна. Тус ажлын хүрээнд Монгол чацаргана газар зүйн заалтаар бүртгэлжүүлэх хүсэлт, Монгол чацаргана газар зүйн заалтын тэмдэг, онцлог шинж чанарын тодорхойлолт болон газар зүйн нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай тайлбарыг Монгол, Англи хэлээр бэлтгэн Оюуны өмчийн газарт өгөөд байна. 

Монгол чацарганы шинж чанар найрлагыг тогтоох ажлын хүрээнд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль Монгол орны чацарганы дээжийг Баруун, Хойд, Төв гэсэн бүсчлэлээр 8 ААН, байгууллагаас авч  чацарганы химийн бүрдлийг жимсний зөөлөн эд болон үрний чийглэг, тос, уураг, нүүрс-ус, минериаллаг бодисоор үзүүлсэн шинжилгээний дүнг хураалтын хугацааны давтамжаар химийн бодисын хөдлөл зүйгээр гаргасан ба энэ нь стандартын баримт бичигт заасан үзүүлэлттэй ойролцоо байгааг тогтоож, ямар төрлийн /шүүс, тос/ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс хамаарч хураалтын хугацаагаа тогтоох боломжийг олгов. Чацарганы хүний дархлааг дэмжих үйлдлийн судалгааг эсийн түвшинд хийж чацарганы зөөлийн эдийн шүүсэнд агуулагдаж буй полифенолт нэгдэл /флавонойд, сапонин, полисахарид/ дархлааны анхдагч хариу урвалыг хариуцдаг СD-8 буюу Т-лимфоцит, киллэр эс буюу NK эс CD54 эсүүдийн залгих болон цитокин нийлэгжүүлэгч шингэний дархлааны замыг идэвхижүүлж байгааг баталсан байна.

Чацарганы өртгийн сүлжээ байгуулах ажлын хүрээнд өртгийн сүлжээний аргачлал, бүтэц бүрэлдэхүүн, оролцогчдийн зохион байгуулалт, бизнесийн загвар,  санхүүжилтийн урсгал загвар, төрөл хэрэгслийг тодорхойлон  уулзалт семинарыг зохион байгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхлээд байна.

Гүзээлзгэнэ тариалагчдад зориулсан сургалтыг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулав. Гүзээлзгэнэ тариалагч, сонирхогч 55 иргэн, аж ахуйн нэгж оролцов.

Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн санхжүүилтээр “Чацаргана жимс жимсгэнэ тариалах” анхан шатны сургалтыг Хэнтий, Архангай, Булган аймагт Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулав. Жимс жимсгэнэ тариалагч 210 иргэн, аж ахуйн нэгж оролцов.

БНСУ-ын АФАСИ Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Органик хөдөө аж ахуйн Азийн орнуудын сүлжээ байгуулах” төслийн хүрээнд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран Улаанбаатар хотын Багануур дүүрэгт “Органик чацаргана ургуулах технологи боловсруулах, нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Монгол чацарганын  нэр хүнд, сонирхол олон улсын тавцанд эрс нэмэгдээд байна. 2015 оны 11 дүгээр сард Энэтхэг улсад зохион байгуулагдсан чацарганы олон улсын 7 дугаар их хуралд Монгол улсаас их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс 20 гаруй төлөөлөгч оролцсон ба Дархан-уул аймаг дахь УГТХ-ээс тус яамны санхүүжилтээр хэрэгжүүлсэн байгалийн чацарганы тархалт, генетик нөөцийн судалгааны ажлаар илтгэл тавьж хэлэлцүүлэн Энэтхэгийн Химачай парадеш их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байна.  2017 онд олон улсын чацарганы холбооны 8 дугаар их хурлыг Монгол улсад зохион байгуулах эрхийг албан ёсоор аваад байна. 

Орон нутагт хэрэгжүүлсэн арга хэмжээ:

Сүүлийн жилүүдэдаймаг, орон нутгийн санхүүжилтээр “Чацаргана” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ажил ихээхэн эрчимжээд байна. Тухайлбал Ховд аймаг үйлдвэрлэл үйлчилгээнд шинэ техник, технологи нутагшуулах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санал санаачлагыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжиж, “Уурхайт” ЗБН-ийн чацарганатай цай савлаж үйлдвэрлэхэд 35.0 сая төгрөгийн зээлийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар олгоод байна. Мөн “Хөгжил” политехник сургалт, үйлдвэрлэлийн төвд Швейцарийн хөгжлийн агентлагийн 209,6 сая төгрөгийн санхүүжилтээр 2014 онд дунд оврын жимсжимсгэнэ боловсруулах үйлдвэр ашиглалтанд орж, боловсруулах үйлдвэрийн мэргэжилтэн бэлтгэх, жимс жимсгэнэ боловсруулах үйл ажиллагаа явуулж байна.

Говь-Алтай аймаг 2015 онд “Алим” дэд хөтөлбөр батлан 20.0 мянган га талбайд алим, жимс жимсгэнэ тариалахаар төлөвлөн, хэрэгжүүлэх ажилд ихээхэн идэвхи санаачилга гарган ажиллаж эхлээд байна.

Өмнөговь аймаг БНСУ-аас 2000 ширхэг гүзээлзгэний суулгац нийлүүлж, 2 мэргэжилтэн ирүүлж сургалт зохион байгуулан 2000 ш үрслэгээ үржүүлэн  дараа жилийн тариалалтад хадгалсан. Дорноговь аймаг “Газар тариалан эрхлэлт, ойжуулалтыг дэмжих” сан байгуулж 81,5 сая төгрөгийн,  Дорнод аймаг 18 иргэн аж ахуйн нэгжид 50 сая төгрөгийн зээлийн дэмжлэгийг орон нутгийг дэмжих хөрөнгө оруулалтаас олгосон байна.

Гарсан үр дүн, цаашдын зорилт, чиглэл:

Шинэчлэлийн Засгийн газраас жимс жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд жимс жимсгэнийг салбарт санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлснээр 2015 онд жимст цэцэрлэгийн талбай улсын хэмжээгээр 5.86 мянган га талбайд хүрч  2041 тонн жимс хураан авсан нь 2009 оноос тариалсан талбай 3.7 дахин нэмэгдэж, хураан авсан ургац 1657,1 тонноор буюу 5.3 дахин өсөөд байна. Мөн жилд 2.5 сая ширхэг жимсний суулгац үржүүлж, 371 ногоон ажлын байр шинээр бий болгон 203.3 га талбайд элсний нүүдлээс хамгаалан, уул уурхайн нөхөн сэргээлт хийсэн ба 168 га байгалийн жимс жимсгэнийг нөхөн сэргээж, хамгаалсан байна. 

Үүний зэрэгцээ гадаад улсад экспортлох чацарганы бүтээгдэхүүний нэр төрөл, тоохэмжээ жил бүр ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал Сийбэрри ХХК Сингапур улс руу 42.0 мянган долларын 1 тонн зөөлөн эдийн тос, 100 кг хатаасан навч, жимс экспортлож гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн АНУ, Герман, Малайз зэрэг 12 оронд борлуулж байгаа ба 2016 онд 100 тонн хатаасан жимсийг Финланд улсад экспортлох гэрээ хийж бэлтгэл ажлыг хангаж байна. Увс хүнс ХК 1.0 сая долларын 5 тонн чацарганы тос ОХУ-д экспортлосон бол, Живэртийн оргил ХХК Япон улс руу 35.2 мянган ам.долларын 50,1 литр тос, 4.4 тонн жүүс экспортлоод байна.  
    
Санал дүгнэлт, цаашдын чиглэл, зорилт:    

Олон улсын чацарганы холбооны 8 дугаар их хурлыг 2017 онд Монгол улсад хийх болсон тул одооноос бэлтгэл ажилд анхаарах, нэгдсэн, бодлого, зорилттой ажиллах.

Монгол чацарганы (таримал болон байгалийн) биохими, генетик, бүтээгдэхүүний шинж чанар, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн нарийвчилсан судалгааг хийж онцлог шинж чанарыг тогтоож дэлхийд баталгаажуулах,   Монгол сорт гаргах болон бусад судалгаа шинжилгээний ажилд онцгой анхаарал хандуулж 2017 оны их хуралд бүх чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл бэлтгэх.

Алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, үхрийн нүд зэрэг Монголд улсад ургах боломжтой, бага тархацтай байгаа жимсний тариалалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах, тэдгээрийн суулгац үржүүлгийн газруудыг байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх./ Нийт 19.0 мянган тонн жимс импортлож байна.Үүнээс алим 11.5 мянган тонн./

“Чацаргана” хөтөлбөрт тусгагдсан Чацарганы судалгаа туршилтын төвийг ойрын хугацаанд байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх. /Олон улсын Бренд бий болгоход шинжлэх ухаан үндэслэлтэй судалгаа, сурталчилгаа, хөрөнгө оруулалт шаардлагатай/

Чацарганыг кластерээр хөгжүүлэх, тариалалт, хураалт, хадгалалт, боловсруулалтын өртгийн нэгдсэн сүлжээ үүсгэх, чацарганы боловсруулах үйлдвэрлэлд онцгой анхаарч орчин үеийн дэвшилт техник, технологи бүхий үйлдвэрүүд байгуулах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулж олон улсын түвшинд хүргэх шаардлагатай байна.