ОЛОН УЛСЫН ЧАЦАРГАНЫ ХОЛБООНЫ VIII ХУРАЛ

Тус хуралд БНХАУ, ОХУ, ХБНГУ, Монгол, Финлянд зэрэг 12 орны эрдэмтэн судлаачид, тариалалт, үйлдвэрлэл эрхлэгчид, төр төрийн бус байгууллагын төлөөлөл 400 орчим хүн оролцов.
Хуралд чацарганы тариалалтын агротехнологи, сорт түүний онцлог, биохимийн найрлагын үзүүлэлт, бүтээгдэхүүний нэр төрөл боловсруулах технологи зэрэг өргөн хүрээтэй, олон талт сэдвээр орон орны судлаачид, тариалалт үйлдвэрлэл эрхлэгчид нэгдсэн болон салбар хуралдаанд илтгэл тавьж хэлэлцүүлэг хийв.
Манай улсаас Баян-Өлгий аймаг дахь ШУА-ийн салбарын ЭША, экологи судлаач Х.Мырзабек “Баян-Өлгий аймгийн нутаг дахь Байгалийн чацарганы тархалт, генетик нөөцийн нарийвчилсан судалгаа” сэдвээр илтгэл тавьж, ШУТИСийн багш Академич Ч.Авдай, доктор Г.Чимэд-Очир нар “Монгол оронд чацарганы бүтээгдэхүүн боловсруулж бу өнөөгийн байдал, хэтийн төлөв”, Ерөнхий ба Сорилын биологийн Хүрээлэнгийн ЭША Б.Дорждэрэм “Монгол орны байгалийн чацарганы морфологийн зарим онцлог” сэдвээр илтгэл бэлтгэж хэвлүүлэхээр оруулав.
Түүнчлэн хурлын үеэр зохион байгуулсан чацарганы оролцоотой бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмж, боловсруулалтын болон агротехнологи, технологийн биет болон мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдаж манай улсаас “Живэртийн оргил”, “Эко эрдэнэ” компаниуд өөрийн дотоод ба гадаад зах зээлд гаргадаг бүтээгдэхүүнүүдээрээ оролцлоо.
Хурлын хөтөлбөрт тус улсын чацарганы тариалалтын талбай, үржүүлэг болон боловсруулах үйлдвэртэй танилцах аялал тусгагдаж Чацаргана үржүүлгийн хүлэмж, бойжуулалтын талбай, жимст цэцэрлэг, байгаль хөрс хамгаалах чиглэлийн тариалан, боловсруулах үйлдвэртэй газар дээр нь танилцав.
Хурлын төгсгөлд ОУ-ын Чацарганы холбооны дараагийн хурлыг 2020 онд Грек улс хүлээн авч Салоники хотод зохион байгуулах санал гаргаж дэмжигдлээ.