ЖИМС ЖИМСГЭНЭ 70 - СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

         Энэ 2024 онд Монгол оронд Шинжлэх ухааны үндэслэлтэй Жимс жимсгэний салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байгаатай холбоотой Монголын жимс жимсгэний үндэсний холбоо салбарын ахмад, дунд, залуу үе, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан “Азийн бүсийн чацаргана, бусад таримал-зах зээлийн хөгжил” сэдэвт Олон улсын Эрдэм шинжилгээний хурал болон салбарын бодлого, үйл ажиллагааны хүрээнд сэдэвчилсэн сургалт, хэлэлцүүлэг цувралаар зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран төрөл бүрийн нэвтрүүлэг явуулах, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд салбарын бизнес үйл ажиллагаа, хөгжилд хувь нэмэр оруулахуйц бүтээлч ажлуудыг төр засгийн болон шинжлэх ухаан, сургалт, судалгаа, ОУ-ын байгууллага, төсөл хөтөлбөрүүд, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

        Жимс жимсгэнэ, түүгээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний  эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангасан чанартай бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх эрэлт хэрэгцээг дорвитой нэмэгдүүлэх боломжийн анхдагч суурь нөхцөл болсон мэдлэг, дадлыг олгох, энэ чиглэлээр тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцэх зорилгоор 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Жимс жимсгэний тариаланд Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) хэрэгжүүлэх нь” сургалт, хэлэлцүүлгийг ХААИС-ийн Агро-Экологийн сургуультай хамтран зохион байгууллаа.

      Уг сургалт хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ГХЯ, нийслэл, аймгуудын удирдах байгууллагын мэргэжилтнүүд, салбарын сургалт эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаачид, салбар холбоодын тэргүүн, баталгаажуулалтын байгууллага, жимс жимсгэний тариалан, үйлдвэрлэлийн бизнес  эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн  төлөөлөл өртгийн сүлжээнд оролцогч бусад байгууллагууд оролцож  асуудлыг  онол, дадлагын талаас нь тал бүрээр ярилцан нийт оролцогчид харилцан ойлголцолд хүрсэн алхмыг хийж чадлаа.

        Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж голлох арга хэмжээг хариуцан зохион байгуулсан ХААИС АЭС, оролцоо хангаж, санхүүгийн зохих дэмжлэг үзүүлсэн Еден, Эко-Эрдэнэ, Шар доктор, Монос хүнс, Хархорин зэрэг гишүүд, аж ахуйн нэгжүүд, ХААЗД-ын сургалт, баталгаажуулалтын чиглэлээр ажилладаг Эс Эф Си Эс компани, орон нутгаас цаг заваа гарган ирсэн, оролцсон бүх байгууллага хувь хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье.