Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Шар тохой” хэмээх газар 1954 онд БНМАУ-ын СнЗ-ийн шийдвэрээр “Жимс, ногооны үйлдвэр туршилтын станц” байгуулж Эрдэнэбаатарын Шагдарыг даргаар нь томилон ажиллуулснаар Монгол орны жимс жимсгэний салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн үндэс суурь тавигдан хөгжиж эхэлсэн түүхт 70 жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн угтах үйлс энэ жил тохиож байна.
Таримал жимс жимсгэний салбар ийнхүү үүссэнээс эхлэн манай орны хэд хэдэн бүс нутгууд тухайлбал: Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Булган, Буянт, Дорнод аймгийн Халхгол, Төв аймгийн Жаргалант, Батсүмбэр, Хэнтий аймгийн Биндэр, Баянхонгор аймгийн Эхийн гол, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр зэрэг олон газарт үйлдвэр туршилт станц, нэгдэл, САА-н жимсний бригадууд ээлж дараалан үүсэн байгуулагдаж, байгаль цаг уурын ижил төстэй бүс нутаг болох тэр үеийн ЗХУ-ын ЭШХүрээлэн, станц, аж ахуйнуудаас манай оронд нөхцөлд дасан зохицож ургах боломжтой таримал чацаргана болон бусад жимс, жимсгэний сортын суулгац худалдан авч тариалах, нутагшуулах улмаар эх орны шинэ сорт гаргах сорт сорил, селекцийн болон жимс жимсгэнийг боловсруулах техник, технологийн олон талт судалгаа, туршилтын өргөн цар хүрээтэй ажлуудыг эрчимтэй явуулж ирсэн билээ.
Эдгээрийн үр дүнд тариалах талбай, хамрах бүс нутаг улам өргөжихийн хамт жимс жимсгэний нэр төрөл олширч, хураан авах ургац өсч, боловсруулах үйлдвэр цехийн тоо, хүчин чадал мөн нэмэгдэж хүнс, эрүүл мэндийн зориулттай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ ч нэгэн адил өсч дотооддоо төдийгүй Япон, Солонгос, Тайвань зэрэг гадаад орны зах зээлд амжилттай нийлүүлж ирсэн билээ.
Жимс жимсгэний чиглэлээр өөрийн оронд болон ЗХУ, БНБАУ зэрэг гадаад орнуудад мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилчин бэлтгэж, сорт сорил, үржүүлэг, тариалалтын болон үйлдвэрлэлийн технологи, жимс жимсгэний биохимийн үзүүлэлт, найрлага, хүнс, анагаах ач холбогдол үйлчилгээ зэрэг олон талт судалгаа хийж 30 гаруй судлаачид эрдмийн зэрэг цол хамгаалан үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, олон арван ном, бүтээл туурвиж ирсэн байна.
Эх орны жимс жимсгэний салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монгол улсын Төрийн шагналт, Гавъяат багш Э.Шагдар, эрдэмтэн судлаач Л.Цэд-Очир, Ө.Чимиддорж, Монгол улсын төрийн шагналт, Гавъяат агрономч Б.Лааган, Монгол улсын төрийн шагналт, Гавъяат механикжуулагч Б.Сүрэнхор, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич Ч.Авдай, Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Академич Д.Бадгаа, Монгол улсын Төрийн шагналт, доктор Я.Жамъянсан, доктор А.Хүчит, Ч.Төмөрдаш, Л.Шаравдорж, П.Цэвэгмэд, Монгол улсын Төрийн шагналт, доктор Б.Бат-Очир, Монгол улсын Төрийн шагналт, жимсчин Ж.Гээзэн, Д.Янжив, Хөдөө аж ахуйн салбарын нэрт зүтгэлтэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү, Ч.Чулуун, Б.Лувсан, Монгол улсын Гавъяат эдийн засагч Т.Цэвээн нарын зэрэг олон алдартан ахмадуудаараа бид бүхэн үеийн үед бахархаж явдаг билээ.
Монгол улсын Засгийн газраас зах манай улс зээлийн харилцаанд шилжсэнээс хойш Жимс жимсгэний салбарыг хөгжүүлэх чиглэлээр "Чацаргана" /2010-2016 он/, "Жимс жимсгэнэ" /2018-2022 он/ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жимс жимсгэний тариалалт, үйлдвэрлэлийг хөнгөлөлттэй зээл санхүүгийн бодлогоор дэмжихийн зэрэгцээ энэ салбарт мэдлэг, мэдээлэл түгээх, стандарт, технологийн баримт бичгийг боловсруулан баталгаажуулж мөрдүүлэх, зах зээлийг өргөтгөх чиглэлээр үйлдвэрлэгчид, судалгаа сургалтын болон төсөл хөтөлбөр, ТББ-тай олон талын хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн ажиллаж байна.
Энэ бодлогыг хэрэгжүүлэх ажилд Монголын жимс жимсгэний үндэсний Холбоо мэргэжлийн холбооны хувьд салбарын яам, мэргэжлийн бүх чиглэлийн байгууллага, тариалагч, үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачид зэрэгтэйгээ нягт хамтран ажиллаж голлох үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Хэдийгээр салбарын хөгжилд зарим ахиц дэвшил гарч байгаа ч хүн амын жимс жимсгэний хэрэгцээний дөнгөж 3 хүрэхгүй хувийг дотоодоос хангаж бараг 97-98 хувийг импортлон хэрэглэж байгаа нь анхаарал татсан салбарын нэг хэвээр байсаар байна.
Иймд цаашид тус салбарын өсөлт хөгжлийг улам эрчимжүүлж, хүн амын хүнс, эрүүл мэндийн хэрэгцээнд өсөн нэмэгдэж байгаа жимс жимсгэний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулж, импортыг тууштай бууруулж, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьж энэ хүрээнд тулгамдаж байгаа эрх зүй бодлогын, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн, зах зээл маркетингийн, мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүчний хангамжийн зэрэг олон асуудлыг шат дараалан шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засаг өндөр хөгжсөн орнуудын туршлагаар энэ салбарыг кластераар хөгжүүлэх чиг хандлагыг баримжаа болгон тус салбарт оролцогч бүх талууд харилцан уялдаатай, хамтын ажиллагааг нэгэн зорилго, нэгдмэл хүч болгон зүтгэхийг уриалж байна.
Амин дэмийн шимтэй, алаг цэцэгсийн өнгөтэй, анагаах шидийн увьдастай, ажлын байр, ашиг орлогын шавхагдашгүй эх ундрага болсон амтат жимс жимсгэний минь салбар улам цэцэглэн хөгжих болтугай!
МОНГОЛЫН ЖИМС ЖИМСГЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОЛБОО