Стандарт батлагдлаа

“ЖИМСТ ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМГААЛАЛТЫН ОЙН ЗУРВАС. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА. MNS 6849:2020”

ҮНДЭСНИЙ СТАНДАРТ БАТЛАГДЛАА.

Монгол Улсын Засгийн газраас Чацаргана болон бусад жимс жимсгэний тариалалт, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Чацаргана” (2010-2016), “Жимс жимсгэнэ” (2018-2022) үндэсний хөтөлбөрүүд батлан хэрэгжүүлсэн ба үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаагийн үр дүнд жимс жимсгэний тариалт хөтөлбөрийн өмнөх үеэс бараг 7 гаруй, хураан авах жимс жимсгэнэ 5-6  дахин тус тус  нэмэгдээд байна.

Гэвч тариалсан жимст цэцэрлэгийн талбайн ихэнх нь байгаль цаг уурын олон талын нөлөөлөлд хэт өртөмтгий байгаагаас жимсний таримлын амьдралтын хувь, тоос хүртэлт, ургац, хөрс хамгаалал зэрэг олон хүчин зүйлд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна.

Үүнээс үүдэн МЖЖҮХ санаачилга гарган ХХААХҮЯ, АХБ-ны ХАА, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт төслийн дэмжлэгээр “ЖИМСТ ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМГААЛАЛТЫН ОЙН ЗУРВАС. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА. MNS 6849:2020” үнэдсний стандартыг салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулан батлуулж 2020 оны 7-р сарын 03-наас эхлэн мөрдүүлэн ажиллаж байна.

Хэрвээ хамгаалалтын ойн зурвасын стандартыг зохих ёсоор мөрдөн ажиллаж чадвал жимс жимсгэний аж ахуйд дараах эерэг нөлөөлөл үзүүлж чадахыг эрдэмтэд, мэргэжилтнүүд зөвлөж байна.

  1. Жимст цэцэрлэгийн талбайн хөрсийг салхины элэгдэл, эвдрэлээс сэргийлж үржил шимийг хамгаалан сайжруулна,
  2. Салхины хүчийг  сааруулж жимс жимсгэний ургамлын амьдралд  хамгийн их сөрөг нөлөөлөл үзүүлдэг хөлдөлт, цочир хүйтрэлт, хаталт, цонолт зэрэг хүчин зүйлийн нөлөөллийг эрс бууруулах,
  3. Талбайд ургамын ургалт, өсөлт, хөгжилтийн  үе шат бүрт (унтаа байдлаас сэрэх, нахиалж, навчилж тоос хүртэх, цэцэг жимс суух, боловсрох болон өвөлжих зэрэг) эерэг нөлөө үзүүлэх бичил уур амьсгалын нөхцлийг бүрдүүлэх,
  4. Хөрсний чийгийн ууршилтыг бууруулах,  ус барих чадварыг дэмжих,   цас тогтолтыг жигд байлгах замаар түүний чийгийг хамгаалах,
  5. Нүүрстөрөгч болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөөлөл үзүүлэх,
  6. Жимс жимсгэний ургамлын фотосинтезийн процессийг дэмжсэнээр ургацын хэмжээ, чанарт шууд нөлөө үзүүлэх,
  7. Ургацын хэмжээг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтой болно

Иймээс эрсдэл багатай, үр ашигтай аж ахуй эрхлэхийг хүсэж байвал стандартын дагуу хамгаалалтын ойн зурвасаа байгуулан ажиллаарай.