card

Үхэр нүдний агротехник

Нутагшсан сортууд:

Төв бүсэд: Дархан, Шаамар, Приморский чемпион, Память Шукшина, Черное Лисавенко, Селенга, Сеянец Голубка, Кокса

Баруун бүсэд: Приморский чемпион, Зоя, Красный Крест, Английская белая, Стаханова

Зүүн бүсэд: Приморский чемпион

Үхэр нүдний агротехник

Үхэр нүд нь сэрүүн бүсийн жимсний аж ахуйн гол таримлын нэг, хатуу ширүүн уур амьсгалд зохицсон, өвлийн хүйтэнд өндөр тэсвэртэй, жимс нь эрт боловсордог, арвин ургацтай зэрэг олон шинжээрээ ялгарч байдаг. Дотроо хар, шар, улаан, цагаан гэсэн хоорондоо ялгаатай олон зүйлүүдтэй. Үхэр нүдний өргөн тархсан, хар жимстэй Алтайн сортууд нь Сибирьт зэрлэг ургадаг нэг зүйл (дикуша)–ээс гаралтай, өвлийн тэсвэр сайн, антракноз өвчинд өндөр тэсвэртэй, арвин ургацтай, уянцар чанар сайтай байдгаараа онцлог бөгөөд энэ төрлийн сортуудыг манай оронд тариалдаг. Үхэр нүдний сортуудыг манай орны бүс нутгуудад судлан шилдэг сортуудыг нутагшуулан, тариалах агротехнологийг боловсруулан нэвтрүүлжээ.  

Талбайг сонгох. Үхэр нүдэнд ноёлох зүгийн салхинаас сайн хамгаалагдсан хойшоо болон дорно зүг рүү харсан бага (5 хэмээс илүүгүй) зэргийн налуу тэгш газар тохиромжтой, эгц өндөр газарт үндэсний систем нь амархан хатаж нэрвэгдэх муу нөлөөтэй.

Үхэр нүдэнд хар шороон, хүрэн, саарал гэх мэт аль ч төрлийн хөрс тохирох бөгөөд гагцхүү үржил шимээр баялаг, элсэрхэг болон хөнгөн элсэрхэг бүтэцтэй хөрс нь илүү тохиромжтой. Харин намгийн юмуу хүнд шаварлаг хөрс тохиромж муутай бөгөөд ул хөрсний усны түвшин, 1.5м–ээс доош байх шаардлагатай, үхэр нүд нь давстай хөрсөнд бараг ургаж чаддаггүй.

Манай орны нөхцөлд үхэр нүд цэцэглэж жимс суудаг 5–р сарын сүүлч, 6–р сарын эхээр хүчтэй салхи ихтэй байдгийн дээр цочир хүйтрэлт тохиолдож цэцэг болон үрэвчийг хөлдөөдөг. Ялангуяа хонхор газар хүйтэн агаар ихээр хуримтлагдаж цочир хүйтрэлт болдог учир ийм газрыг сонгож болохгүй. Ингэхдээ үхэр нүд тарих талбай нь өвлийн хүйтэнд мөчир, нахиа нь, хаврын хүйтэнд цэцэг, үрэвч нь тус тус нэрвэгдэхээргүй, салхинаас сайн хамгаалагдсан, цас сайн тогтдог талбай байна. Нөгөө талаар үхэр нүд нь ус, чийгэнд дуртай ургамал учир усны эх булагтай ойр, услах бололцоогоор хангагдсан байвал зохино.

Хөрсийг тарилтанд бэлтгэх. Үхэр нүднээс арвин ургац авахын тулд түүнийг суулгах хөрсийг маш сайн бэлтгэнэ. Үхэр нүдний цэцэрлэг байгуулах талбайг хавар гүн эргүүлж хагалан зуны турш уг талбайдаа чийг хуримтлуулах, хог ургамал устгах арга хэмжээг байнга авах ба намар дахиад арай бага гүнд хагална. Энэ хэмжээтэйгээ хамтатган 1м 2 талбайд бууц 8–10кг, үржил шимээр ядуу хөрсөнд 20кг, фосфорын бордоо 60–70г, калийн бордоо 25– 30г тус тус хийж талбайгаа сайн тэгшилж бордоогоо булна. Өрхийн цэцэрлэгт ихэвчлэн нүхэнд тарих ба нэг нүхэнд 8–10кг бууц, 40–50г

Үхэр нүдийг тарих тэжээлийн талбай, схем. Үхэр нүдийг талбайд байрлуулахдаа түүний биологийн онцлогийг харгалзан талбайнхаа аль болох цас их унаж хунгарлан цасан бүрхүүл тогтдог хэсэгт суулгах нь тохиромжтой, харин салхин дор, хонхор газар суулгах нь тохиромжгүй. Ийм нөхцөлд цэцэглэлт нь удааширч цэцэг болон үрэвч нь хаврын хүйтэнд нэрвэгддэг.

УГТЭШХ–ийн судалгаагаар манай орны нөхцөлд 3м 2 тэжээлийн талбайд тарьж эх цэцэрлэг байгуулах нь биологи, эдийн засгийн хувьд ашигтайг сонгож үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь одоо мөрдөгдөж байна. Тарих схем нь талбайнхаа байдлаас хамаарч 3х1м, 1.5х2м гэх мэт ямарч байж болно. Өөрөөр хэлбэл эгнээ хооронд 2–3м, ургамал хооронд 1.5–1.0м зайтай байна. Гэвч сүүлийн үед өрхийн цэцэрлэгт шигүү тарих сонирхол бий болж байна. Энэ нь нэгж талбайгаас авах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлдэг сайн талтай боловч их шигүү (1х0.8м, 1х1м, 1х1.5м гэх мэт) байрлалаас болж бутны гэрлийн хангамж дутагдаж жимс нь жижигрэхийн хамт өвчин, хорлогчид их хэмжээгээр тархдаг муу талтайг анхаарах нь зүйтэй. Манай хөрш зэргэлдээх орос болон Буриадын ихэнх жимсчид сүүлийн үед үхэр нүдийг туузлан чөлөөтэй өргөн эгнүүлж тарих аргыг дэлгэрэнгүй хэрэглэж байна.

Энэ нь талбайг үр ашигтай сайн ашиглахын хамт жимсний боловсролт нь адил хугацаанд явагдаж, жимс нь томрохын дээр өвчин хортонд нэрвэгдэх нь бага байдаг зэрэг олон сайн талтай. Мөн энэ аргаар тарих эгнээгээ хойноос урд зүг рүү харуулж байрлуулахад нарны цонолтод бага нэрвэгддэг нь тогтоогдсон байна.

Тарих хугацаа. Үхэр нүдийг хавар нахиа хөөхөөс өмнө 4–р сарын сүүлийн арав хоногоос 5–р сарын эхний арав хоног, үүнээс оройтохдоо 5–р сарын дундаас оройтуулалгүй суулгана. Намар 9–р сарын сүүлчээс 10–р сарын 15–ны дотор суулгах бололцоотой.

Үхэр нүдийг тарих, арчлах. Үхэр нүдийг суулгах нүх нь 50– 60см өргөн, 30– 40см гүн бөгөөд дээр дурьдсан хэмжээгээр шим болон эрдэс бордоог шороотойгоо хольж бэлтгэнэ. Суулгацыг нүхэндээ 40–50 хэмийн налуутайгаар байрлуулж үндэснээс дээш 5–10см орчим шороогоор булж нятгруулна. Суулгацыг тарих үедээ дугтарч хөдөлгөж өгөхөд үндсэн доогуур шороо орж жигд тархдаг. Гэхдээ хэт ширүүн сэгсэрч суулгацаа ил гаргаж болохгүй. Суулгацаа тарьсныхаа дараа газрын дээд хэсэгт нь хамгийн сайн хөгжилтэй 3–5 ширхэг нахиа үлдээж тайрна. Энэ үлдээсэн нахианаас хүчтэй өсөлт явагдаж мөчир салаа бий болно.

Харин тайралт хийгээгүй тохиолдолд олон тооны навч үүсч үндэсний систем нь ус, шим тэжээлийн бодисоор хангаж чаддаггүй, үүнээс болоод ургамлын өсөлт муудаж, үндэсний системийн өсөлт дутагдалтай явагддаг. Иймээс тарьсны дараахи таналтыг заавал хийнэ. Суулгасныхаа дараа нэг нүхийг 1–2 хувин усаар услан 1–2 хоноод дахин услаж хөрсөнд сийрүүлэлт хийнэ. Дараагийн усалгааг цаг агаар болон хөрсний чийгийн байдал зэргийг харгалзан 5–10 хоног тутамд хийнэ.

Ургалтын үеийн арчилгаа. Энэ арчилгаа нь хөрсийг боловсруулах, бордох, услах, танах, өвчин хортонтой тэмцэх, ургац хураах гэх мэт олон арга хэмжээнээс бүтнэ. Гол зорилго нь хөрсний чийг, шим тэжээлийн бодисын хангамжийг тохируулах, агаарын хангамжийг нэмэгдүүлэх, хог ургамалтай тэмцэх, бутыг зөв хэлбэржүүлэх, өвчин хортонгүй эрүүл ургамал ургуулахад чиглэгдэнэ.

Хөрсийг сийрүүлэх. Хавар 4–р сарын сүүлч, 5–р сарын эхээр бутны эргэн тойрон дахь хөрсийг 5–8см гүн сийрүүлж, хөрсний гадаргыг ууршилтаас хамгаалж тэгшилж өгнө. Зуны туршид сийрүүлэлтийг 3–5 удаа, ялангуяа ургац хураасны дараа заавал хийнэ. Үхэр нүдний залуу ургамал нь эхний жилдээ талбайгаа бүрэн ашиглаж чаддаггүй. Ийм учир мөр хооронд хүнсний ногоо, цэцгийн ургамлуудыг тарьж ашиглаж болно. Гэхдээ төмс, улаан лооль, өргөст хэмх болон гүзээлзгэнэ зэргийг таривал адилхан мөөгийн өвчинд нэрвэгдэх аюултай. Иймд гоньд, зираа, хонин нүд болон хумсан цэцгийг эгнээ хооронд, сармис, халиар зэргийг бутан дор тарина. Эдгээр ургамал нь үхэр нүдэнд ашигтай шавьжуудыг цуглуулан, хортон шавьжуудыг үргээн зайлуулдаг чухал ач холбогдолтой. Үхэр нүд нь хөрсний өнгөн давхаргаас ус, шим тэжээлийн бодисыг авдаг, ийм учир үхэр нүдний талбай нь хог ургамалгүй цэвэр байхын хамт сийрэг сэвсгэр байвал зохино. Үхэр нүдний эх цэцэрлэгийн талбайн хөрсийг эдлэншүүлэх аргыг УГТЭШХ–нд судалсан дүнгээр үхэр нүдний эх цэцэрлэгийн модны эгнээ хоорондох хөрсийг цулгуй уриншаар боловсруулах нь ашигтайг тогтоож үйлдвэрлэлд зөвлөжээ.

Бордолт. Үхэр нүд нь бордоонд маш мэдрэмтгий ургамал. Ялангуяа залуу үедээ хөрсний өндөр концентрацыг мэдрэмтгий хүлээж авдаг, ийм учир эрдэс бордоог их өгч болдоггүй. Үхэр нүдний 3–4 настай залуу ургамлын бут нь 0.5–1.5м 2 өргөнтэй болсон үеэд бууц, ялзмаг 5–8кг, шивтрийн шүү 20–30г, суперфосфат 20–30г, калийн давс 10–20г–аар бодож хавар эрт бордоно. Бордохын өмнө маш сайн услах бөгөөд, усалснаас 1–2 хоногийн дараа хөрсөндөө жижиг (гүехэн) ховил гаргаад түүнд бордоогоо хийнэ. Фосфор, калийн бордоог 8–р сарын сүүлийн хагаст, шим бордоог намар 9–р сарын хоёрдугаар хагаст, харин азотын бордоог зөвхөн хавар бут орчимд 1м 2 талбайд бууц, ялзмаг 5–10кг, шивтрийн шүү 20– 25г буюу 5–10г бусад бордоогоор тус тус бордоно. Дөрвөөс дээш настай жимслэж байгаа бутыг 1м 2 талбайд бууц ялзмаг 5–10 кг, шивтрийн шүү 20–30г, суперфосфат 30–40 г калийн давс 15–20г–аар тус тусбордох нь ашигтай.

Үхэр нүдний үндсэн бордооны зэрэгцээ ургалтын хугацаанд нэмэлт бордоогоор бордоход ургац нь нэмэгдэж өвлийн тэсвэр нь дээшилдэг онцлогтой. Хавар 5, 6–р сард үхэр нүдний найлзуур мөчир болон үндэсний системийн өсөлт хамгийн хүчтэй явагдаж ургац бүрдэж бий болдог учир цэцэглэлтийн дараа бууцны шингэн болон сангасны уусмалаар нэмж бордоно. Бордоо болон усны харьцаа 1:3 хэмжээтэй байх ба нэг хувин үхрийн баасны хандыг 4–6 хувин, нэг хувин сангасны хандыг 10–12 хувин усаар шингэлэн бутны дэргэд юмуу туузны дагуу 8–10см гүн ховил татаж нэг бутанд 1–2 хувин бордооны уусмалаар нэмэж бордоно. Бордоо хөрсөнд бүрэн шингэсний дараа гаргасан ховилоо шороогоор дарж тэгшлэнэ.

Мөн эрдэс бордооны шингэн уусмалыг 1м 2 талбайд 20–30 г– аар бодож бордоно. Бороо хур ихтэй жил юмуу хөрсний усалгаа байнга хийдэг нөхцөлд нэмэлт эрдэс бордоогоо хуурайгаар дээрхи аргаар бордож болно.

Усалгаа. Үхэр нүднээс арвин ургац авах нэг нөхцөл нь усалгаа юм. Ялангуяа манай орны чийг тунадас бага унадаг зуны эхний хагасын усалгаанд онцгой ач холбогдол өгвөл зохино. Усалгааг хавар цас хайлж гүйцэснээс хойш 10–15 хоногийн дараа эхэлж ургалтын хугацаанд 7–8 удаагаас доошгүй усална. Ялангуяа цэцэглэлтийн үед заавал услана. Энэ үед хөрс агаарын чийг их хэмжээгээр буурч цэцэглэлтийн процесст муугаар нөлөөлдөг. Бороо харьцангуй илүү ордог 7–р сарын сүүлч болон 8–р сард усалгааг багасгаж болно. Учир нь ус, чийг илүүдэлтэй байвал мөчрийн хоёрдахь өсөлт явагдаж муугаар нөлөөлдөг. Харин 9–р сарын сүүлч 10–р сарын эхээр намрын цэнэг усалгааг 1м2 талбайд 5–6 хувин нормоор хийх бөгөөд энэ нь хөрсний 35–40см гүнд хангалттай чийг хуримтлуулах зорилготой. Харин залуу бутанд энэ нормыг 2–3 дахин багасгаж болно.

Бутыг хэлбэржүүлэх ба танах. Энэ ажиллагаа нь сайн хөгжил бүхий бутыг бий болгоход чиглэдэг. Сибирийн гаралтай сортуудад ургацын 90 орчим хувь нь өнгөрсөн жилийн өсөлтийн нэг настай мөчир дээр бий болдог, өөрөөр хэлбэл бутанд өнгөрсөн жилийн өсөлтийн мөчир хэдий чинээ олон байна вэ, тэр хэмжээгээр ургац их байна. Үхэр нүдний бут нь 20–25 орчим жил амьдардаг, урт настай ургамал бөгөөд үндсэн гол мөчрүүд нь 5–8 жил бүтээгдэхүүн (ургац) өгөх чадвартай. Арвин ургацыг янз бүрийн насны 16–20 орчим мөчрөөс авна. Ийм учраас бутыг хэлбэржүүлэх ажил суулгасны

дараа 3–5 сайн нахиа үлдээж танахаас эхэлнэ. Анхны жилийн намар болоход дунджаар 2–3 шинэ найлзуур мөчир бий болсон байна. Дараагийн жилийн таналтыг сортын биологийн онцлог ба бутны байдал хоёрыг тохируулах чиглэлээр хийнэ. Эхний жилд бутнаас муу хөгжилтэй, бие биенээ сүүдэрлэсэн болон хугарсан мөчрийг авна. Дараагийн жилүүдэд муу өсөлттэй (5–10см–ээс бага) болон хөгшин мөчрүүдийг авахын хамт унжгар, муруй тахир, хэт өтгөн болон өвчин хортонд нэрвэгдсэн мөчрүүдийг авч цэвэрлэгээний таналтыг хийнэ. Үхэр нүдний залуу бутыг хэлбэржүүлэх судалгаагаар хавар ургалт эхлэхээс өмнө 3–4–р сард цэвэрлэгээний таналт хийх нь өсөлт хөгжилт хэвийн явагдахад тохиромжтой болохыг тогтоосон байна. Манайд сүүлийн жилүүдэд орж ирсэн эрт болцтой Забайкалочка, Селенга зэрэг сортуудын ургацын ихэнх нь 3–4 настай мөчрүүд дээр бий болох бөгөөд 5–6 настай мөчрүүд нь үндсэндээ ургац өгдөггүй. Гэтэл Приморский чемпион, Алтайская десертная зэрэг сортуудын 5–6 настай мөчрүүд нь 30–40 хувь ургац өгдөг. Ийм үед өсөлтийг сорт бүрд тохируулан зөвхөн хөгшин мөчрийг танана.

Бутны хажуугийн салаа болон дунд үеийн мөчрүүд дээр том жимс бий болдог учир тийм мөчрүүдийг 30–50см хүртэл хүчтэй өсгөж ургуулна. Жил бүр хөгширсөн, ургац бага өгдөг мөчрүүдийг авч шинэ мөчрүүдээр сольж байх шаардлагатай бөгөөд энэ шинэчлэх процесс нь бутны бүх л амьдралын туршид явагдана. Жил бүрийн хавар бутанд үзлэг хийж юуны өмнө өвөл хөлдсөн мөчрүүдийг авна. Мөчир, найлзуурыг танахдаа эрүүл, модлог эд буюу хөрсний түвшинтэй адил хэмжээтэй уг үлдээхгүй огтолно. Огтлон хаясан бүх мөчрөө талбайгаас зайлуулсан байна. Хар үхэр нүдэнд бүтээгдэхүүнт (ургац өгдөг) үе нь 10–12 жил бөгөөд үүний дараа хөгшин бутыг үндсээр нь авч хөрсөн дэх үндэсний үлдсэн хэсгийг цэвэрлэн талбайгаа тариалалтанд бэлтгэнэ.

Ургац хураалт. Үхэр нүдний жимс нь цуварч боловсордог учир түүвэрлэн хураана. Жимсийг хүнсэнд шууд хэрэглэх, дахин боловсруулах, борлуулах зэрэг арга хэмжээ авна. Мөчир гишүүггэмтээхгүй, хаяагдалгүй хураахын хамт бутанд үлдсэн, газарт унасан жимс нь янз бүрийн өвчин үүсэх орчин болдог тул авч цэвэрлэж байна.

Үхэр нүдний үржүүлэг. Үхэр нүдийг ногоон мөчрөөр үржүүлж болно. Манай орны нөхцөлд голлон үхэр нүдний нэг наст мөчрийг нугалж үржүүлдэг. Нэг наст мөчир нь нугалж үржүүлэхэд хамгийн тохиромжтой бөгөөд нугалахын өмнө бут бүрийг тойруулан хүрзээр 10-15 см гүн гишгэж хөрсийг зөөлрүүлэх ба бут бүрт 5 кг бууцыг хөрстэй хольж бордоод эгнээ хооронд сайн усална. Үхэр нүдний мөчрийг 5-р сарын 15-30-ны хооронд нугалахад тохиромжтой нь тогтоогдсон бөгөөд нугалах мөчир нь 0,7-1,0 см-ээс доошгүй бүдүүнтэй бутны захын нэг наст мөчир байна. Дарахын өмнө нугалах мөчрийнхөө чигийн дагуу хөрсийг 4-5 см гүн хонхойлж бэлтгээд мөчрөө түүндээ нугалж хийгээд тусгай бэлтгэсэн ацтай гадсаар дарж тогтоосныхоо дараа чийгтэй шороогоор сайн хучина. Хучсан шороо хэдий чинээ чийгтэй байвал сайн үндэслэж өсөлт нь түргэсдэг.