card

“ЖИМС, ЖИМСГЭНЭ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолын хавсралт

“ЖИМС, ЖИМСГЭНЭ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг.Нийтлэг үндэслэл

Жимс, жимсгэнэ нь үр, жимсэндээ олон төрлийн амин дэм, биологийн идэвхт бодис агуулдаг тул хүн амын эрүүл мэнд, хүнс, гоо сайхны нэн чухал тарималд тооцогддог. Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл нь олон жилийн уйгагүй хөдөлмөр, хөрөнгө санхүүжилт, туршлага, ур чадвар шаарддаг бөгөөд төр засгаас тууштай, урт хугацааны тогтвортой дэмжлэг үзүүлж байж үр дүнд хүрдэг онцлогтой. Манай орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгаль, эрс тэс уур амьсгалын бүсүүдэд байгалийн 60 гаруй төрлийн жимс, жимсгэнэ ургадаг бөгөөд эрдэмтэн, судлаачид, олон төрлийн жимс, жимсгэнийг тариалж нутагшуулах, үржүүлэх агротехнологийг боловсруулан шинэ сорт гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг хөгжүүлсээр байна.

Монгол Улсын Засгийн газраас 2010-2016 онд “Чацаргана” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр жимс, жимсгэнийн тариалалт, үйлдвэрлэл 4-6 дахин нэмэгдэн жимст цэцэрлэгийн хэмжээ 6.07 мянган га талбайд хүрч, жилд 2560 орчим тонн жимс хураан авч байна. Гэвч энэ нь хүн амын физиологийн хэрэгцээт жимсний 1.5 хүрэхгүй хувийг хангаж, жил бүр 18-22 мянган тонн жимс, жимсгэнийг импортоор авч байна. Нийт тариалсан жимс, жимсгэнийн 92 хувийг чацаргана, 8 хувийг бусад жимс, жимсгэнэ эзэлж байна. Мөн нэг талаас хүн амын хүнсний хэрэглээнд жимс, жимсгэнийн эрэлт хэрэгцээ өсч байгаа бөгөөд нөгөө талаар чацаргана болон байгалийн жимсний бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сонирхох хандлага нэмэгдэж байна.

Энэхүү хөтөлбөрийг таримлын болон бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадварыг сайжруулан дотоод, гадаад зах зээлд өсөн нэмэгдэж байгаа жимс, жимсгэнийн эрэлт хэрэгцээг тогтвортой хангах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, өрхийн болон аж ахуйн нэгжийн орлогыг өсгөх, хүн амын хүнсэн дэх жимс, жимсгэнийн хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.40-д “Жимс, жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганын үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.” гэж заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Хоёр.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

2.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:

2.1.1.бүтээгдэхүүний өртгийн сүлжээний аль ч шат дамжлагад олон улсын стандарт, чанар, эрүүл ахуйн шаардлагыг баримтлах;

2.1.2.экспортын баримжаатай, импорт орлох экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих;

2.1.3.байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан техник, технологийн дэвшил, инноваци, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх;

2.1.4.төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, салбарын мэргэжлийн холбоодын оролцоог хангах.

Гурав.Хөтөлбөрийн зорилго

3.1.Хөтөлбөрийн зорилго нь жимс, жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн чацарганын тариалалтыг 10 мянган га, бусад төрлийн жимс, жимсгэнийн тариалалтыг 2 мянган га талбайд хүргэж, хүн амыг экологийн цэвэр, амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангах, импортыг бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулан экспортын орлогыг нэмэгдүүлэхэд оршино.

Дөрөв.Хөтөлбөрийн зорилт

4.1.Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

4.1.1.жимс, жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх, таримлын болон бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх;

4.1.2.жимс, жимсгэнийн таримлын сорт шалгаруулах, анхдагч үржүүлэг, бойжуулга, суулгац үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлж, ган, хүйтэн болон өвчин хортонд тэсвэртэй, нутагшсан сортын суулгацын хангамжийг нэмэгдүүлэх;

4.1.3.жимс, жимсгэнийн тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг инноваци, дэвшилтэт техник, технологи, шинжлэх ухааны судалгаанд суурилуулан цогц байдлаар хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах;

4.1.4.салбарын маркетингийн стратегийг боловсруулж, дотоод болон гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, шинэ зах зээлд нэвтрэх ажлыг эхлүүлэх.

Тав.Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

5.1.“Жимс, жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх, таримлын болон бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх” зорилтын хүрээнд:

5.1.1.жимс, жимсгэнэ тариалах, хураах, хадгалах, боловсруулах үйлдвэр байгуулах, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх;

5.1.2.чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнийн бүтээгдэхүүнийг экспортлоход учирч байгаа саад тотгорыг арилгах, дотоод зах зээлийг импортын ижил төстэй бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах;

5.1.3.эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улстай байгуулсан хэлэлцээр болон бусад улстай байгуулах чөлөөт худалдаа, олон талт хэлэлцээрт тэдгээр орны зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх гол бараа, бүтээгдэхүүний нэр төрөлд жимс, жимсгэнийн бүтээгдэхүүнийг нэмж оруулах асуудлыг судлан шийдвэрлэх;

5.1.4.шинээр тариалж, ургуулан үр жимсээ тогтвортой өгч эхэлсэн мод, бутны тоогоор таримлын төрлөөс хамааруулан нэг удаагийн урамшуулал олгох;

5.1.5.жимс, жимсгэнийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах, услалтын систем шинээр байгуулах, орчин үеийн дуслын усалгааны тоног төхөөрөмж суурилуулах, тариалалт, хөрс боловсруулалт, хураалтыг механикжуулах, суулгац худалдан авах иргэд, аж ахуйн нэгжид санхүүгийн болон хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх;

5.1.6.жимс, жимсгэнийн сортыг хянан баталгаажуулж, хяналт тавин мөрдүүлэх;

5.1.7.жимс, жимсгэнэ тариалж ажлын байр олгосон иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл, хөтөлбөр, зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах;

5.1.8.жимс, жимсгэнийн өртгийн сүлжээг хөгжүүлэх, түүний байршил, хамрах хүрээ, үе шат, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан бүс нутгийн нөөц, байгаль цаг уурын онцлог, дэд бүтэц, ложистик, жижиг, дунд үйлдвэрийн хөгжилтэй уялдуулан хэрэгжүүлэх;

5.1.9.жимс, жимсгэнийн кластерийн гол оролцогч болон хамтрагч, тариалагч хооронд үүрэг, хариуцлагыг нарийвчлан хуваарилах, ложистик, тээвэр, банк, санхүүгийн байгууллага, даатгал, боловсрол, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог хангах;

5.1.10.бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, худалдааны дэвшилтэт арга, хамтын ажиллагааг хөгжүүлж, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ (Global өртгийн сүлжээ г.м)-г үүсгэх, түүнийг орон нутгийн нөөцөд түшиглэсэн дэд кластер болгон хөгжүүлэх;

5.1.11.инноваци, шинэ технологийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн (хөлдөөсөн, хатаасан, нөөшилсөн, нунтаг, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг) болон шинэ сорт гаргах, усалгаажуулах, хураах технологийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

5.1.12.жимс, жимсгэнэ тариалдаг иргэн, аж ахуйн нэгжид өртгийн сүлжээний санхүүжилтийн талаар таниулах, сурталчлах, өөрийн орны онцлогт нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх;

5.1.13.жимс, жимсгэнийн тариалалтын талбайг тордон хөрсний үржил шимийг сайжруулах замаар үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамгаалалтын ойн зурвас байгуулах, гэр хорооллын өрх хашаанд жимсний мод бут, тэр дундаа чацаргана тариалах иргэдийг дэмжих;

5.1.14.кластерийн бүрэлдэхүүн хэсэг бүрт чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, GAP, GLOBAL GAP, ISO, HACCP зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, хураасан жимсний хадгалах, тээвэрлэх (хөргөлттэй агуулах, машин зэрэг), сав, баглаа боодлын нэгдсэн стандартыг батлан мөрдүүлэх;

5.1.15.Монгол чацаргана бүтээгдэхүүний стандартыг тогтоох, түүнийг олон улсад баталгаажуулах, чацарганыг органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, брэнд болгон хөгжүүлэх;

5.1.16.хүнсний аюулгүй байдалд нийцсэн жимс, жимсгэнийн бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгын стандартыг олон улсын стандартад нийцүүлэн батлах, мөрдүүлэх.

5.2.“Жимс, жимсгэнийн таримлын сорт шалгаруулах, анхдагч үржүүлэг, бойжуулга, суулгац үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлж, ган, хүйтэн болон өвчин хортонд тэсвэртэй, нутагшсан сортын суулгацын хангамжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд:

5.2.1.бүсийн эрдэм шинжилгээний байгууллагууд, томоохон аж ахуйн нэгжүүдийг түшиглэн жимс, жимсгэнийн төрөл, зүйлийн сорт нутагшуулах, анхдагч үржүүлэг, бойжуулга, суулгац үйлдвэрлэлийн ажлыг эрчимтэй явуулах;

5.2.2.алим, чавга, интоор, чацаргана, үхрийн нүд, нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, хад зэрэг жимс, жимсгэнийн сортын суулгацын ил талбайн болон хүлэмжийн эх цэцэрлэг, үржүүлгийн загвар аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн бэлтгэсэн суулгацыг худалдан авч, жимс, жимсгэнэ тариалах иргэн, аж ахуйн нэгжид тодорхой хувийн хөнгөлөлттэй үнээр болон урт хугацаатай зээлээр олгох;

5.2.3.жимс, жимсгэнийн суулгац үржүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ургац, чанарыг дээшлүүлэх, тарьц, суулгацыг шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлэх, дэвшилтэт технологийг боловсруулах, агроэкологийн бүсүүдэд нэвтрүүлэх;

5.2.4.байгалийн жимс, жимсгэнийн нэр төрөл, тархалт, нөөц, генетикийн судалгааг үе шаттай явуулах, тэдгээрийн генетик нөөц, селекцийн эх материалд тулгуурлан өөрийн орны байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон сорт, дээжүүдийг турших.

5.3.“Жимс, жимсгэнийн тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг инноваци, дэвшилтэт техник технологи, шинжлэх ухааны судалгаанд суурилуулан цогц байдлаар хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах” зорилтын хүрээнд:

5.3.1.орчин үеийн технологид суурилсан хамгаалагдсан хөрсний аж ахуйг хөгжүүлж, дулаан нөхцөл шаарддаг усан үзэм, тоор, лийр, нимбэг, гүзээлзгэнэ, анар, улаан чавга зэрэг жимс, жимсгэнийг нутагшуулах, тариалалтыг нэмэгдүүлэх;

5.3.2.байгалийн жимс, жимсгэнийг тарималжуулан үйлдвэрлэлийн нөөц бий болгож, үйлдвэрлэлд нийлүүлэх;

5.3.3.жимс, жимсгэнийн тариалалт, хураалт, хадгалалтын технологийг хөрс, бордоо, ургамал хамгаалал, сортын суулгац үржүүлэг, усжуулалт, механикжуулалт, хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг цогцоор нь боловсруулах;

5.3.4.чацарганыг хатаах, хөлдөөх, хуурайшуулах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх, тосыг нь чанарын өндөр түвшинд боловсруулах, чацарганын жимс, навч, мөчир, холтсыг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах туршилт явуулах, дэвшилтэт технологи нутагшуулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;

5.3.5.Монгол чацарганын (таримал болон байгалийн) биохими, генетик, бүтээгдэхүүний шинж чанар, хүнсний хангамж, эрүүл мэнд, гоо сайхан зэрэгт үзүүлэх нөлөөллийн нарийвчилсан судалгааг хөгжүүлж, онцлог шинж чанарыг нь тогтоон олон улсын түвшинд баталгаажуулах;

5.3.6.жимс, жимсгэнийн үйлдвэрлэлд хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд түүхий эд, бүтээгдэхүүнд хүнсний пестицидийн үлдэгдэл, хувиргасан амьд организмыг хянах лабораторийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;

5.3.7.жимс, жимсгэнийн талбайд хамгаалах ойн зурвасыг байгуулж, тариалах агротехнологийг боловсруулах, тэдгээрийг хэвшүүлэх;

5.3.8.өөрийн орны онцлогт тохирсон жимс, жимсгэнийн талбай, хүлэмжид усны зарцуулалт багатай усалгааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хураалтыг механикжуулах;

5.3.9.салбарын хүний нөөцийн хэрэгцээг судалж, хэтийн бодлоготой уялдсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

5.3.10.чацаргана, жимс, жимсгэнийн чиглэлээр ажиллаж байгаа судлаач, мэргэжилтэн, аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгч, сонирхогчдыг дэмжин дотоод, гадаадын мэргэжлийн сургалт, туршлага судлах арга хэмжээнд өргөн хамруулах, харилцан туршлага солилцох, тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;

5.3.11.байгаль цаг уурын нөхцөл ойролцоо хөрш орны жимс, жимсгэнийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж болон салбарын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагатай холбоо тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх;

5.3.12.залгаж ургуулах аргаар үрт болон яст жимсний үржүүлэг хийх, талбайд болон хүлэмжид жимс, жимсгэнэ тариалах, мод, бутны таналт, тайралт, хэлбэржүүлэлтийг зохистой хийх арга технологийг эзэмшүүлэх чиглэлээр сургалтад хамруулж шинэ технологитой танилцах, туршлага судлах, тэдгээрийг нэвтрүүлэх;

5.3.14.мэргэжлийн ахисан түвшний хөтөлбөрүүдийг боловсруулж, эрчимжсэн, дунд, урт хугацааны сургалтыг мэргэжлийн байгууллагыг түшиглэн явуулж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх;

5.3.15.жимс, жимсгэнийн аж ахуй эрхлэгч болон үйлдвэрлэгчдэд зориулсан мэргэжлийн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлэх багийг сонгон шалгаруулах, үйлдвэрлэгч, тариаланчдыг танхимын, талбайн, ажлын байран дахь сургалтад хамруулж, чадавхжуулах.

5.4.“Салбарын маркетингийн стратегийг боловсруулж, дотоод болон гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, шинэ зах зээлд нэвтрэх ажлыг эхлүүлэх” зорилтын хүрээнд:

5.4.1.хүн амд дотоодын жимс, жимсгэнийн бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх дадал бий болгох, хэрэглээг нэмэгдүүлэх, ач тусыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;

5.4.2.жимс, жимсгэнийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар (боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгж) дэмжих нөхцөлийг бүрдүүлэх;

5.4.3.жимс, жимсгэнэ тариалагчид үйлдвэрлэсэн жимсээ чанар, стандартад нийцүүлэн зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх, борлуулалтын дотоод сүлжээ үүсгэх боломжийг бүрдүүлэх;

5.4.4.жимс, жимсгэнийн бүтээгдэхүүний гадаад зах зээлийн судалгаа хийх, түүнд тулгуурлан экспортын бүтээгдэхүүний маркетинг хөгжүүлэх;

5.4.5.жимс, жимсгэнэ, чацарганын болон үрийн холбоо зэрэг олон улсын байгууллагын туршлагаас суралцах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, мэргэжилтэн, судлаачдыг чадавхжуулах, бүтээгдэхүүнээ сурталчлах;

5.4.6.эх орны хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр жимс, жимсгэнэ, чацарганын үнэ цэнийг дээшлүүлж, үйлдвэрлэгчид болон борлуулагч, хэрэглэгчдийг холбох биржийн арилжаа, үнэ хаялцуулах худалдаа зэрэг шинэлэг дэвшилтэт маркетинг нэвтрүүлэх, төрөлжсөн худалдааны төв байгуулж ажиллуулах.

Зургаа.Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

6.1.“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлнэ.

6.2.Жимс, жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүй, бизнесийн таатай орчинг сайжруулан жилд чацарганын 2 саяас доошгүй суулгац, бусад төрлийн жимс, жимсгэнийн 1 сая суулгац бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж, чацарганын тариалалтын хэмжээг 10 мянган га, бусад төрлийн жимс, жимсгэнийг 2 мянган га хүртэл нэмэгдүүлнэ.

Тариалах жимсний төрөл

Хэмжээ

1

Алим

450 га

2

Чавга

300 га

3

Интоор

200 га

4

Үхэр нүд

820 га

5

Нэрс

150 га

6

Бусад жимс (хүлэмж)

80 га

7

Чацаргана

10000 га


6.3.Экологийн цэвэр жимс, жимсгэнэ, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ өсч, жимс, жимсгэнийн дотоодын хэрэгцээний 10 хувийг хангадаг болно.

6.4.Жимс, жимсгэнийн эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн хөгжлийг гүнзгийрүүлж, улмаар жимс, жимсгэнээ дотоодын хэрэгцээнээс гадна экспортод тогтвортой гаргадаг болно.

6.5.Жимс, жимсгэнийн тариалалтын талбайн хөрсний үржил шим сайжирч, тариалалт нэмэгдэнэ.

6.6.Байгалийн жимс, жимсгэнийг тарималжуулсан талбайн хэмжээ нэмэгдэж, үйлдвэрлэлийн нөөц, хэрэгцээ хангагдана.

6.7.Таримал жимс, жимсгэнийн нэр төрөл олширч, тэдгээрийг хэрэглэх соёл дээшилснээр хүн ам аюулгүй, экологийн цэвэр жимс ,жимсгэнийг хүнсэндээ тогтвортой хэрэглэж хүн амын эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

6.8.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жимсний аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлээр дагнан ажиллах 15 мянгаас доошгүй ажлын байр бий болж, жимс, жимсгэнийн аж ахуйн салбар нь газар тариалангийн бие даасан дэд салбар болон хөгжинө.

Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт:

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

(2018 он)

Зорилтот түвшин

(2022 он)

1

Чацаргана, жимс, жимсгэнэ тариалсан талбай

га

6070

12000

2

Хураан авсан ургац

тонн

2560

20000

3

Бэлтгэсэн суулгац

Сая ширхэг

2.4

3.0

4

Дотоодын үйлдвэрлэлийн жимс, жимсгэнийн хангамж

хувь

1.5

10

5

Шинэ ажлын байрны тоо

хүн

4000

11000

6

Экспортолсон бүтээгдэхүүний мөнгөн дүн

сая ам. доллар

0.2

5.0

7

Чацарганын кластер/өртгийн сүлжээ

 

Өртгийн сүлжээ үүссэн байна


Долоо.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

7.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллана. Үндэсний зөвлөлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.

7.2.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтан, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох бөгөөд зөвлөлийн гишүүдийг Үндэсний зөвлөлийн дарга томилж, чөлөөлнө.

7.3.Аймаг, нийслэлд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөл ажиллаж, дэд хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлэх бөгөөд түүнийг тухайн шатны Засаг дарга ахалж, гишүүдэд орон нутгийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл орж ажиллана.

7.4.Сум, дүүргийн иргэдийн Хурал, Засаг дарга нь жимс, жимсгэнэ тариалахад тохиромжтой (ус, хөрс, дэд бүтэц зэргийг харгалзан) газруудад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Найм.Хөтөлбөрийн санхүүжилт

8.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

8.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

8.1.2.гадаадын зээл, тусламж;

8.1.3.дотоод, гадаадын хөрөнгө оруулалт;

8.1.4.хувийн хөрөнгө оруулалт;

8.1.5.бусад эх үүсвэр.

8.2.Хөтөлбөр хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэгийг иргэн, аж ахуйн нэгжийн өөрийнх нь хөрөнгө оруулалттай хослуулан хөтөлбөрт заасан үр дүнд хүрэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.

Ёс.Хөтөлбөрийн хяналт, шинжилгээ, үнэлгээ

9.1.Төрийн захиргааны төв байгууллага үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу зохион байгуулж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

9.2.Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах ажлыг зохион байгуулна.

—–оОо—-