card
  1. НЭГ. ЖИМС, ЖИМСГЭНИЙ ХЭРЭГЛЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 
    • Жимс, жимсгэнэ нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм, сахар, эрдсийн элемент болон биологийн идэвхт бодисоор баялаг хүнсний чухал бүтээгдэхүүн төдийгүй бут сөөг нь ойн зурвас, ногоон байгууламж байгуулах замаар хөрс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, элсний нүүдлийг зогсооход хамгаалалт болдог олон талын ашиг тустай. Манай оронд байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон 60 гаруй зүйлийн зэрлэг жимс, жимсгэнэ ургадаг.
    • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор насанд хүрсэн хүн жилд дунджаар 87.6 кг, өдөрт 240 гр жимс, жимсгэнэ хэрэглэх нь зохистой гэж үздэг. Манай улсын нэг хүн 1990 онд 12 кг жимс, жимсгэнэ хэрэглэж байсан бол 2007 онд 8.4 кг болж буурсны зэрэгцээ чанарын баталгаагүй импортын жимс хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд жимс, жимсгэний хэрэгцээ огцом өсч, байгалийн жимсийг олон хэлбэрээр ашиглаж байгаа ч, нөөцийг нь арвижуулах асуудал хоцорч байна. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 1200 га талбайд жимс, жимсгэнэ тариалж байгаагийн 80 гаруй хувийг чацаргана эзэлж байна. Чацаргана нь найрлагадаа C, B1, B2, B9, A, K, F, B, P бүлгийн амин дэм, тос, биологийн идэвхт бодис агуулан хүнсний болон гоо сайхан, эмийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд тул түүний эрэлт хэрэгцээ дотоодод ч, дэлхийн зах зээл дээр ч жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манай орны эрдэмтэн судлаач, аж ахуй эрхлэгчид өөрийн орны болон ОХУ-ын 10 гаруй сортын чацарганыг нутагшуулан үржүүлэх, тариалах агротехникийг бий болгож, шинэ сорт гаргах, жимс хураах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологитой болсон байна.

       

  2. ХОЁР. ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГА, ҮНДЭСЛЭЛ 
    • Нэг га талбайд 1200-1600 чацарганы суулгац суулгаж нэг бутнаас 7-10 кг жимс хурааж, 1 тонн жимснээс 20-50 кг тос, 600 л цэвэр шүүс, бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах бодит бололцоотой бөгөөд нийт зарцуулсан хөрөнгийг 2-3 жилд нөхөж ашигтай ажиллах тооцоог эрдэмтэд гаргасан байна. Жимс, жимсгэнэ, түүний дотроос чацаргана тариалах хөдөлгөөнийг дэмжих, түүнийг хүмүүсийн амьдрал ахуйгаа дээшлүүлэх, ажлын байр бий болгохын зэрэгцээ боловсруулах үйлдвэр байгуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо хэрэглэх, гадаад зах зээлд нийлүүлэх тодорхой бодлоготой ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Сүүлийн 40-өөд жилийн туршлагаас үзэхэд чацарганыг манай орны аль ч бүсэд тариалах бололцоотой байна.
    • Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чацаргана хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 20 мянган га хүртэл талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна” гэж заасныг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулав.

       

  3. ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ
    • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ногоон эдийн засгийн үзэл баримтлалд тулгуурлан дараахь зарчмыг баримтална:
    • Гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын аль ч дамжлагад стандарт, эрүүл ахуйн шаардлагыг чанд баримтлах;
    • Экспортын баримжаатай экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих;
    • Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан техник, технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтыг ашиглах.
    • Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын харилцан ойлголцол, иж бүрэн түншлэлийг чухалчлах.

       

  4. ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ 
    • Хөтөлбөрийн зорилго нь чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр 20 мянган га хүртэл талбайд тариалж цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангахад оршино.
    • Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
      • Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэний аж ахуй эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх;
      • Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалах, хураан авах, боловсруулах технологийг боловсронгуй болгох, мэргэжилтний чадавхийг сайжруулах;
      • Чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжүүлэх санаачилгыг технологийн удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих замаар бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
      • Бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалахыг дэмжих замаар жимс, жимсгэний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлж, импортыг бууруулах;
      • Хөтөлбөрийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, жимс, жимсгэнэ, түүгээр боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох.

         

  5. ТАВ. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • “Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэний аж ахуй эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх” зорилтын хүрээнд:
      • Чацаргана, жимс, жимсгэнэ тариалж байгаа болон түүний үр жимс, түүхий эдийг боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж санал боловсруулах;
      • Чацаргана, жимс, жимсгэний бүтээгдэхүүний стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчлэх, НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан Хууль эрх зүйн хорооноос баталсан зөвлөмж, удирдамж, стандартыг мөрдүүлэх;
      • Дотоодын үйлдвэрлэлийг импортын ижил төстэй бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах зорилгоор тухайн бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмэгдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах;
      • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх болон шинжлэх ухааны ололт, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиг үүрэг бүхий жимс, жимсгэний асуудал хариуцсан шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгж байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах;
      • Чацаргана, жимс, жимсгэнэ тариалсан талбай болон хураасан ургац, боловсруулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг статистикийн мэдээнд албан ёсоор оруулах;
      • Ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулсан газар нутагт төрөл бүрийн модлог, бутлаг ургамал, түүний дотор чацаргана тариалах замаар байгаль орчны нөхөн сэргээлт хийх санал боловсруулах.
    • “Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалах, хураан авах, боловсруулах технологийг боловсронгуй болгох, мэргэжилтний чадавхийг сайжруулах” зорилтын хүрээнд:
      • Чацаргана, жимс, жимсгэний төрөл зүйлийн онцлог шинж чанарын харьцуулсан судалгаа хийж тухайн бүс нутагт тохирсон шилмэл сортыг сонгон тарьж ургуулах агротехнологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
      • Органик гаралтай ургамал хамгааллын болон ургалтыг идэвхжүүлэгч бодис, бордоо болон чацаргана тариалах, хураан авах, хадгалах, боловсруулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.
      • Чацарганы жимснээс шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авах, хадгалах, хэрэглэх технологи, уг бүтээгдэхүүний биохимийн найрлага, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнд эрдэм шинжилгээ, клиник судалгаа хийх шинжлэх ухааны төслүүд хэрэгжүүлэх;
      • Жимс хураах, хадгалах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг боловсронгуй болгож, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх;
      • Чацарганы тосыг өндөр цэвэршилттэй үйлдвэрлэх, төрөл бүрийн хэрэглээ, зориулалтаар савлах, чацарганы жимс, навч, мөчир, холтосыг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах туршилт явуулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи бий болгох;
      • Чацаргана, жимс, жимсгэний чиглэлээр ажиллаж байгаа судлаач, мэргэжилтэн, үйлдвэрлэл болон жимс, жимсгэний аж ахуй эрхлэгч, сонирхогчдыг дэмжин дотоод, гадаадын мэргэжлийн сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох, тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
      • Жимс, жимсгэний аж ахуй эрхлэгч болон үйлдвэрлэгчдэд зориулсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийг сонгон шалгаруулж үйлдвэрлэгч, тариаланчдыг танхимын болон ажлын байран дээрх сургалтад хамруулах;
      • Чацаргана, жимс, жимсгэний чиглэлээр үйлдвэрлэл дээрээ сургалт явуулж байгаа ажил олгогчдод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх.
    • “Чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжүүлэх санаачилгыг технологийн удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих замаар бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд:
      • Шилмэл сортын чацаргана, жимс, жимсгэний суулгац үржүүлэн зах зээлд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн бэлтгэсэн суулгацыг худалдан авч жимс, жимсгэнэ тариалах иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлттэй нөхцөлөөр нийлүүлэх;
      • Жил бүр усалгаатай тариаланг өргөжүүлэх чиглэлээр улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийн 25 хүртэл хувийг чацаргана, жимс, жимсгэний талбайг усжуулахад зарцуулах;
      • Хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр жимс, жимсгэний аж ахуй эрхлэх иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх;
      • Усалгаатай тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас хэлбэрээр, худгийн дэргэд болон иргэд хувийн хашаа, талбайд чацарганыг дангаар нь буюу бусад жимс, хүнсний ногоотой зэрэгцүүлэн тариалах хөдөлгөөнийг өрнүүлэх;
      • Төмөр зам, автозамын дагуу, Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд ургуулж байгаа ойн зурваст чацаргана тариулах;
      • Байгалийн чацаргана, жимс, жимсгэний нөөцийг тогтоон, аймаг, сум хяналтад авч нөхөн сэргээлт, шигүү ургасан хэсэгт сийрэгжүүлэлт хийх ажил зохион байгуулах;
      • Жимс, жимсгэнэ бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах бүх дамжлагад үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах;
      • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг урамшуулан дэмжиж, үндэсний болон олон улсын түвшинд монголын газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэх арга хэмжээ авах, гадаадын зах зээл, маркетингийн судалгаа хийх;
      • Стандартын шаардлагад нийцсэн бага, дунд оврын боловсруулах үйлдвэр болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох орчин үеийн техник, технологи бүхий томоохон цогцолбор үйлдвэрийг бүсчлэн байгуулахад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, гадаадын зээл, тусламжид хамруулах;
      • Чацарганы үйлдвэрлэл шинээр эрхлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь аж ахуйн нэгж, иргэд урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр олох боломжийг бүрдүүлэх, эцсийн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зэх зээлд борлуулах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх.
    • “Бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалахыг дэмжих замаар жимс, жимсгэний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлж, импортыг бууруулах” зорилтын хүрээнд:
      • Байгалийн жимс, жимсгэнэ, чацарганыг тарималжуулах, нутагшуулах, түүнийг селекцийн эх материал болгон ашиглаж сайжруулах замаар өөрийн орны байгаль цаг уурын нөхцөлд зохицсон арвин ургац бүхий сорт, дээжүүдийг бий болгох;
      • Бүс нутгийн уур амьсгалын онцлог, жимс, жимсгэнэ тариалж ирсэн уламжлалд тулгуурлан үхрийн нүд, мойл, улаалзгана, бөөрөлзгөнө, долоогоно, нохойн хошуу, тошлой, нэрс, аньс, гүзээлзгэнэ, тэс, өрөл, алим, давжаа алим, чавга зэрэг жимс, жимсгэнийг нутагшуулан турших, тариалахыг дэмжих;
      • Жимс, жимсгэний генефонд байгуулах, манай улсад ургах боломжтой жимс, жимсгэний мод, суулгацыг гадаад орнуудаас оруулан турших, тариалахад дэмжлэг үзүүлэх;
      • Хамгаалагдсан хөрсөнд нимбэг, жүрж, алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг ургац арвинтай жимс, жимсгэнэ тариалах, тэдгээрийн төрөл бүрийн сортын суулгац, үрслүүлэг үржүүлэх, судалж турших санаачилгыг бүх талаар дэмжих;
      • Органик жимс, жимсгэний тариалалтыг бүх талаар дэмжин Ногоон барааны тэмдэгтийг нэвтрүүлэх, жимст цэцэрлэгийг ашиглан “Ногоон аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх;
      • Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэний мод, бутыг төв суурингийн цэцэрлэг, ногоон байгууламжид тариалан цэцэрлэгжүүлэлтэд өргөн ашиглах.
    • “Хөтөлбөрийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, дотоодын жимс, жимсгэнэ, түүгээр боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох” зорилтын хүрээнд:
      • Жимс, жимсгэний ач холбогдол түүний зохистой хэрэглээ болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ашигт чанарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах;
      • “Монгол-Чацаргана” брэнд бүтээгдэхүүнийг бий болгон дотоодын болон олон улсын уулзалт, семинар, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сонирхогч орнуудад сурталчлан таниулах, хамтарч ажиллах;
      • Сургалтын байгууллагыг түшиглэн дотоодын жимс, жимсгэний зохистой хэрэглээг бий болгоход чиглэсэн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэн хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх;
      • Цэцэрлэг, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллын газруудад болон “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд дотоодын үйлдвэрийн стандарт, чанарын шаардлага хангасан жимс, жимсгэнэ болон тэдгээрийг боловсруулсан бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх;
      • Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалах, дахин боловсруулах талаар шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа, шинжилгээний үр дүн, иргэд, аж ахуйн нэгжийн туршлага, санал санаачилгыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, түгээх
      • Жимс, жимсгэнэ болон тэдгээрийг боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын дотоод, гадаадын сүлжээг бий болгох.

         

  6. ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ
    • “Чацаргана” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар 2016 он хүртэл хэрэгжүүлнэ:
      • I үе шат-2010-2012 он
      • хөтөлбөрийг сурталчлах, чацаргана, бусад жимс, жимсгэний аж ахуй эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг сайжруулан, жилд 5 саяас доошгүй суулгац бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж тариалсан талбайн хэмжээг 10.0 мянган га хүртэл нэмэгдүүлнэ.
      • чацаргана хураах ажиллагааг хөнгөвчлөх, жимсийг боловсруулах техник, технологийг боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр жимс, жимсгэнэ, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангаж маркетингийн сүлжээг бий болгоно.
    • II үе шат-2013-2016 он
      • жимс, жимсгэнэ тариалах чадавхийг бэхжүүлсний үндсэн дээр чацаргана тариалалтыг 20.0 мянга хүртэл га-д хүргэн өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрийг бүсчлэн байгуулж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн органик гарал бүхий газар зүйн заалттай, экологийн цэвэр нэрийн бүтээгдэхүүнийг бий болгож, экспортод тогтвортой гаргадаг болно.
      • чацаргана, жимс, жимсгэнэ тариалах, ургац хураах, боловсруулах үйл ажиллагааг тогтмолжуулж дотоодын хэрэглээ, экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлнэ.

         

  7. ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 
    • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллана. Үндэсний зөвлөлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.
    • Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох сайд, дэд сайд, яам, агентлаг, төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон байх бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга томилж, чөлөөлнө.
    • Аймаг, нийслэлд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөл ажиллах бөгөөд түүнийг тухайн шатны Засаг дарга ахалж, гишүүдэд орон нутгийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл орж ажиллана.
    • Хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлүүд боловсруулан баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр тооцож ажиллана.
    • Хөтөлбөрт заагдсан зарим зорилт, чиг үүрэг, үйл ажиллагааг шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
    • Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг аймаг, нийслэл нь жил бүрийн 1 дүгээр сард багтаан хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад, төрийн захиргааны төв байгууллага нь жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнана.

       

  8. НАЙМ.ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ
    • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
      • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;
      • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
      • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариаланг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангаас олгох хөрөнгө;
      • Ойжуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлийн сан болон уг зориулалтаар улсын төсөвт тусгагдсан хөрөнгө;
      • Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, техникийн болон буцалтгүй тусламж, хандивын хөрөнгө;
      • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулж байгаа хөрөнгө;
      • Бусад эх үүсвэр.
    • Хөтөлбөр хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэгийг иргэн, аж ахуйн нэгжийн өөрийнх нь хөрөнгө оруулалттай хослуулан хөтөлбөрт заасан үр дүнд хүрэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.

       

  9. ЕС. ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА ҮР ДҮН 
    • Чацаргана, бусад жимс, жимсгэнэ тариалах талбай нэмэгдэж, боловсруулах үйлдвэр байгуулагдан Монгол Улс 20 мянга хүртэл га талбай бүхий жимст цэцэрлэгтэй болно.
    • Органик гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ өсч жимс, жимсгэний дотоодын хэрэгцээг 30 хувиар хангана.
    • Чацарганы судалгааг гүнзгийрүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан дотоодын хэрэгцээнээс гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж хөгжинө.
    • Экологийн нөхөн сэргээлт хийх, мод, суулгац үржүүлэх, хот цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн үйл ажиллагаа өргөжинө.
    • Байгалийн чацаргана болон бусад жимс, жимсгэний талбайг хамгаалалтад аван нөхөн сэргээж, байгалийн жимс, жимсгэнийг зохистой ашиглах тогтолцоо бүрдэнэ.
    • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад жимсний аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлээр дагнан ажиллах 20 мянгаас доошгүй ажлын байр бий болгож, жимс, жимсгэний аж ахуй нь газар тариалангийн бие даасан дэд салбар болон хөгжинө.
    • Таримал жимс, жимсгэний нэр төрөл нэмэгдсэнээр хүн ам аюулгүй, экологийн цэвэр жимс, жимсгэнийг хүнсэндээ тогтвортой хэрэглэдэг болно.