Үйл ажиллагаа

Гадаад харилцаа

              МЧТҮҮХолбоо үндэсний хэмжээний ТББ-ын хувьд 2011 онд Олон улсын Чацарганы холбоонд эх орноо төлөөлөн гишүүнээр албан ёсоор элсэж тус холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцон ажиллаж байна.

-2011 онд БНХАУ-ын Цинхай мужийн Шининь хотноо болсон ОУ-ын Чацарганы холбооны Vих хуралд өөрийн орны 34 төлөөлөгчийг зохион байгуулан оролцуулж 5 илтгэл амаар болон дэлгэцээр /постор/ тавьж хэлэлцүүллээ. Энэ үеээр манай эрдэмтэн судлаачид, аж ахуй эрхлэгчид олон орны төлөөлөгчидтэй холбоо тогтоож зарим гэрээ хэлцэл, санамж бичиг үйлдэн хамтран ажиллаж байна.

-2013 онд ХБНГУ-ын Подстам хотноо болсон ОУ-ын Чацарганы холбооны VIих хуралд өөрийн орны 22төлөөлөгчийг зохион байгуулан оролцуулж 3илтгэл амаар болон дэлгэцээр /постор/ тавьж хэлэлцүүллээ. Хурлын үеээр техник, технологи харьцангуй өндөр хөгжсөн Герман нөхд ийн чацарганы тариалалт, хураалт, үйлдвэрлэл эрхлэж байгаа арга туршлагатай өргөн танилцах сайхан боломж олдлоо. Хурлын үед ОУ-ын Холбооны удирдах зөвлөлөөс өмнөх хурлуудын илтгэлийг эмхтгэн хэвлүүлсэн 620-иод нүүр бүхий ботийг худалдан авч ирээд манай орны практикт хэрэглэгдэх илтгэлүүдийг хөрвүүлэн хүртээл болгохыг зорьж байна.

-Энэ хурлын үеээр ОУ-ын Холбооны Удирдах зөвлөлөөс гарсан нэг чухал шийдвэр бол 2017 онд Монгол улсад ОУ-ын Чацарганы холбооны VIIIих хурлыг хуралдуулах тухай Монгол улсын ҮХААЯам, МЧТҮҮХолбооны саналыг хүлээн авсан шийдвэр гаргасан явдал нь манай орны Чацарганы салбарын хөгжлийг хүлээн зөвшөөрч үнэлсэн томоохон үзүүлэлт боллоо гэж дүгнэж болно.

-Сүүлийн жилүүдэд жимс жимсгэний чиглэлээр хамтын ажиллагаа, харилцаа харьцангуй зогсонги байгаа ОХУ-ын эрдэм шинжилгээ, туршилт, аж ахуй, үйлдвэрлэлийн байгууллагуудтай харилцаагаа сэргээх явдал олон талын ач холбогдолтой гэж үзэж Холбооны тэргүүн Д.Насанжаргал, Академич Ч.Авдай, доктор Ц.Алимдаръяа, Г.Баяраа нарын бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын Новосибирск, Барнаул, Абакан, Минусинск хотуудаар айлчилж 5 хүрээлэн, туршилт станцийн удирдлага, эрдэмтэдтэй уулзаж санал бодлоо солилцон хамтран ажиллах гэрээ, санамж бичиг үйлдэн ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотноо хуралдсан 4 орны ХАА-н салбарын эрдэмтэдийн хуралд оролцсон ОХУ-ын дээрх хотууд, Тува, Буриадын болон Болгар улсын хүрээлэнгийн эрдэмтэдтэй уулзалт зохион байгууллаа.

-Япон улсад 2012 онд МҮХАҮТанхимтай хамтран “Органик монголд зочлогтун” үзэсгэлэнг Токио хотод зохион байгуулж чацарганы бүтээгдэхүүний амталгаа хийлгэн, илтгэл тавьж 20 гаруй албан уулзалт зохиосны үр дүнд тухайн оны сүүлчийн хагасаас зарим компани Япон руу бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд байна. Манайхаас нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хүнсний болон эмчилгээ дэмжих зориулалтаар туршин хэрэглэж үр дүнтэй болохоо харуулж байгааг худалдан авагч талын төлөөлөл удаа дараа илэрхийлсэн болно. “YES DOCTOR” компаний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы хавдар судлалын нэртэй эмч нарын нэг болох Музикамү Осамү хэмээх эмч хүрэлцэн ирж манай хавдар судлалын төвд лекц уншиж, сэтгэгдлээ хуваалцсан билээ. Хавдрын эмчилгээг дэмжиж үр дүнд хүргэх чиглэлээр амьтан, ургамлын гаралтай олон нэрийн бэлдмэлийг 30 шахам жил туршин хэрэглэхдээ Монголын чацаргана шиг ийм үр дүнгээ тал бүрээр үзүүлж байгаа бүтээгдэхүүнтэй бараг тааралдаагүй гэдгээ лекцийн үеээр онцлон тэмдэглсэн билээ.

-БНСУлс, Тайвань зэрэг орны компаний төлөөлөл монголын чацарганы бүтээгдэхүүнийг сонирхон судлах нь нэмэгдсээр байна.

Хуудсыг түгээх үү?