Кластер гэж юу вэ?

Кластерийн тухай ерөнхий ойлголт

Кластер гэж юу вэ?

Кластерийн тухай олон тодорхойлолт байдаг. Кластер гэдэг нь үндэсний юм уу бүс нутгийн хэмжээнд хоорондоо харилцан холбоотой компаниуд, төрөлжсөн нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэх компаниуд, харилцан холбогдох институциуд тухайн нэг салбарт газарзүйн байршлаар төвлөрөхийг хэлнэ. Компаниуд өрсөлдсөнөөр бүтээмж нэмэгдэхийн сацуу микро түвшний сүлжээ үүсдэг. Ийм сүлжээ бэхжиж боловсрохын хэрээр мезо түвшний кластерүүд хөгжинө. Улмаар кластерүүд нэмэгдсээр мега түвшний кластерийн хөгжилд хүрнэ. 

Кластер бол хувийн ба төрийн секторын хоорондох харилцааг холбож өгөх систем. Тухайлбал, махны салбарт үйлдвэрлэгчид, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих бусад аж ахуйн нэгжүүд, тодруулбал, түүхий эд нийлүүлэгчид, тээврийн компаниуд, жижиглэнгийн борлуулагчид, боловсролын байгууллага, судалгааны институт, олон нийтийн байгууллага, зар сурталчилгааны агентлагууд бүгд хоорондоо холбоотойгоор үйл ажиллагаа явуулна. Аж үйлдвэрийн кластерүүд газарзүйн хил хязгаараас давж болох юм. Үүнээс гадна технологид суурилсан кластерүүд хөгжиж болох бөгөөд дийлэнх нь олон улсын кластерийн нэг хэсэг болох талтай. Шинээр боловсорч гарах кластерүүд гол төлөв бүс нутгийн ба үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхийн улс орнууд аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхдээ эдийн засгийн харилцаанд оролцогч талуудыг газарзүйн байршлаар нягт уялдуулж, улмаар хэрэглэгчдэд зориулсан үнэ цэнэ бүхий хувийн ба нийгмийн барааг үйлдвэрлэхдээ эдийн засгийн үр ашиг юм уу инновацид (мэдлэг) түшиглэх гэсэн хоёр хандлагаар кластерийг хөгжүүлж байна. Эдийн засгийн үр ашгийн хүрээнд бүтээмжийг голлон анхаарна. Өөрөөр хэлбэл, бүтээмжийг хэмжихдээ хүчин зүйлсийн ашиглалтыг; түүнчлэн ашиглаж буй нөөц ба үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний харьцааг харуулна. Харин инновацийн хүрээнд шинээр бий болгох мэдлэг, түүний бодит туршлага чухал. Үүнийг хэмжих нэг үзүүлэлт бол аж үйлдвэрийн салбарын ажиллагчид ногдох патентын тоо ба эрдэмтдийн тоо.

Кластерийн дүн шинжилгээнээс гарсан сургамж бол: нэгдүгээрт, улс орон/бүс нутаг бүхэн өөрийн өвөрмөц кластерийн хольцтой; хоёрдугаарт, кластер бол өөрчлөлт болон сонголтын орчноороо угаасаа ялгаатай; гуравдугаарт, улс орны онцлог ба түүх, мэдлэгийг эзэмшиж буй хэлбэр, кластерийн хөгжлийн түвшин, сүлжээг үүсгэх практик туршлага гэх зэргээс үүдэн инновацийн кластер гэсэн ойлголт төөрөгдлийг бий болгодог; дөрөвдүгээрт, технологийн ба технологийн бус инновацийг нээлттэй авч үзэх шаардлагатай.

Кластерийн бодлогын хувьд өгч буй сургамж бол: нэгдүгээрт, хувийн ба төрийн секторын оролцогч талуудыг хамруулан яриа хэлцэл ба олон удаагийн уулзалт хийх болон форум үүсгэх; хоёрдугаарт, шинийг санаачлагч кластер нь инновацийн ба инновацийн бус бодлогын холимог буюу өөрийгөө тохируулан өөрчлөхөд чиглэх; гуравдугаарт, кластер нь бодлогыг зөв уялдуулахад хэрэгцээтэй суурь хөрс болохын зэрэгцээ нарийн төвөгтэй байдлыг зохицуулахад чиглүүлэх; дөрөвдүгээрт, кластерийн бодлого нь кластерийн түвшингээс хамаарах бөгөөд шинээр бий болох ба кластерүүд тогтвортой хөгжихийн хоорондын тэнцлийг хангах явдал юм. Кластерийн бодлогод учрах эрсдэл бол хөрс нь бүрэлдээгүй өндөр хурдны технологи; стандарт бодлогын загвар ба арга хэрэгсэл юм.


 
Хуудсыг түгээх үү?