МЖЖҮХолбооны гишүүнчлэл, үйл ажиллагаа

МЖЖҮХолбоонд буюу төвд одоогоор 250-иад ААН, иргэд гишүүнээр элсэн нэгдэн ажиллаж байна. Гэхдээ 2010 оноос хойш сургалт, судалгаа, уулзалт, үзэсгэлэн, хурал зөвлөлгөөн зэрэг олон талт арга хэмжээнд хамруулан 10000 шахам иргэдтэй нүүр тулан ажиллаж ирсэн болно.
МЖЖҮХолбоо нь дараахь үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Үүнд:

1.Төрөөс жимс жимсгэний дэд салбарын талаар баримтлах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны  хүрээнд дараах хэлбэрээр оролцон хамтран ажиллаж байна.


  • Хүнсний тухай, Газар тариалангийн тухай зэрэг холбогдох хууль тогтоомжууд, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд энэ салбарын тулгамдсан асуудлыг санал болгон тусгуулж ирлээ.
  • Засгийн газрын “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан салбарын яаманд санал болгон баталгаажуулсны  дагуу уг хөтөлбөрийг 2010-2016 онд хамтран хэрэгжүүлж түүний үр дүнд тариалалтын талбай 6000 гаруй га-д, хураан авах ургац 3000 гаруй тонн болж өслөө. Цаашид салбарыг тогтвортой хөгжлүүлэх бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор салбарын яамтай хамтран мөн Засгийн газрын  “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлуулж 2018-2020 онд хэрэгжүүлэхээр болов.
  • Жимс жимсгэний салбарт тулгамдаж байгаа цаашид судлаж шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар зөвлөх үйлчилгээний хүрээнд эрдэмтэдтэйгээ хамтран судалгаа хийж үр дүнг нь бодлого боловсруулагчид, тариалалт, үйлдвэрлэл, судалгаа эрхлэгчдэд болон манай оронд хэрэгжиж байгаа олон улсын ба банк санхүүгийн байгууллагад зөвлөмж болгон хүргүүлж хамтран ажиллаж ирлээ.
  • Жимс жимсгэний салбарын стандарт, техник технологийн баримт бичгүүд шинэчлэн болон шинээр боловсруулан батлуулж мөрдүүлэхэд анхаарч жимс жимсгэний суулгацын (чацаргана, үхэр нүд, интоор, алим, чавга, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, далан хальс, монос, өрөл), зах зээлд нийлүүлэх жимс жимсгэнэ, тэдгээрийн бүтээгдэхүүний (чацарганы болон үхэр нүдний жимс, чацарганы тос , шүүс ба нектар тэдгээрийг шинжлэх аргууд) нийт 17 үндэсний стандартыг эрдэмтэн мэргэжилтнүүдийн багаар боловсруулан мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулан мөрдүүлэн ажиллаж байна.

2. МЖЖҮХолбооноос өөрийн гишүүн болон сонирхогч ААН, байгууллага, иргэдэд дараах үйлчилгээг  үзүүлж хамтран ажиллаж байна.


Сургалт, семинар, хэлэлцүүлэг: Жимс жимсгэний салбар төлөвлөгөөт эдийн засгийн үед бүрэлдэн тогтвортой үйл ажиллагаа эрхлэж байсан ААН, ЭШ судалгааны салбарууд зах зээлийн шилжилтийн шатанд үндсэндээ зогсонги байдалд орсон байсан. Иймд энэ салбарт аж ахуй бизнес шинээр эрхлэхийг сонирхогчдод юуны өмнө анхан шатны болон төрөлжиж ахисан төвшний мэдлэг олгох асуудал чухал байгааг харгалзан “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд сургалт, семинар, хэлэлцүүлгийг өргөн хүрээтэй зохион байгууллаа. Үүнд:

  1. Чацаргана бусад жимс жимсгэнэ тариалах агротехнологийн анхан шатны
  2. Жимс жимсгэний хортон шавьж, хөнөөлт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тэдгээртэй тэмцэх арга,
  3. Жимс жимсгэний тариалалт үйлдвэрлэлийг органик байдлаар эрхлэх тухай
  4.  Чацаргана болон бусад жимс жимсгэнийг боловсруулах арга техник эзэмшүүлэх,
  5.  Орон нутагт тариалагчдад зөвлөгөө үзүүлэх Зөвлөх багш бэлтгэх,
  6.  Гүзээлзгэнэ тариалах, алим чавга зэргийг залгуураар үржүүлэх арга мэт төрөлжсөн сургалт,Төсөл хөтөлбөрийн байгууллагуудын захиалгаар төрөлжсөн сургалт гэх мэтчилэн олон арга хэлбэрийн сургалт, семинар, хэлэлцүүлгийг сүүлийн 6 жилийн хугацаанд бүх аймаг, хотууд, томоохон төв суурин газрын ААН, иргэдийг хамруулан нийтдээ 90 шахам удаа зохион байгуулж, арван мянга гаруй хүнд хүрч үйлчилсэн байна.

Форум, зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал: Жимс жимсгэний салбарт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн хэрхэн шийдвэрлэх арга замын талаар шийдэл, зөвлөмж гаргах зорилгоор нэгдсэн болон бүсчилсэн арга хэмжээг 1-2 жилийн үечлэлтэй тогтмол явуулж ирлээ. 2011 онд ХХААХҮЯ, Увс аймгийн ИТХ,ЗДТГ-тай хамтран “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар  250 хүний оролцоотой баруун 6 аймгийн бүсийн зөвлөгөөнийг, 2012 онд Улаанбаатар хотод бүх аймаг хот, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын байгууллагын төлөөлөл 150 хүний оролцоотой “Чацаргана”  үндэсний форумыг, 2014 онд мөн тал бүрийн төлөөлөл 160 хүнийг оролцуулсан Монгол орны жимс жимсгэний салбарын 60 жилийн ой болон эрдэм шинжилгээний хурлыг, 2016 онд жимс жимсгэний чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг эрдэмтэн, мэргэжилтэн болон салбарын бодлого тодорхойлогчдын төлөөлөл 69 хүнийг оролцуулан “Жимс жимсгэний салбарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам” бага хурлыг тус тус зохион байгуулсан нь Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг цаг тухай бүрт дүгнэж, анхаарах асуудлын талаар шийдэл гаргаж цаашид үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болж үр дүнгээ өгсөөр ирлээ.

Сурталчилгаа, мэдээлэл: Холбооны гишүүд, сонирхогчидтойгоо өргөн харилцаж мэдээлэл түгээх, мэдлэг олгох чухал хэлбэрийн нэг нь сурталчилгаа, мэдээллийн олон сувгийг өргөн ашиглах явдал хэмээн үзэж ажиллаж ирлээ. Энэ хүрээнд:   

  1. Чацаргана , жимс жимсгэнэ тариалагч, боловсруулагч, суралцагч, судлаачдад зориулсан  ном, товхимол, гарын авлага бэлтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгохыг чухалчилж “Монгол орны жимс жимсгэний лавлах” 60 жилийн ойд зориулсан томоохон хамтын бүтээл, “Жимс жимсгэнэ судлалын эрдэмтэдийн бүтээлийн эмхтгэл” “Жимс жимсгэнэ тариалалт, боловсруулалт” гарын авлага, Академич Ч.Авдайгийн “Чацаргана” зэрэг  9 ном, бусад эвхмэл хуудас зэрэг гарын авлага материалыг олон хувиар хэвлэн нийтийн хүртээл болгов.  
  2. Мөн засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд чацаргана болон бусад жимс жимсгэний тариалалт боловсруулалтын технологийн аргачлал, туршлагаар бэлтгэсэн хичээл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран бэлтгэж зурагт, радиогийн олон суваг, мэдээллийн бусад хэрэгслээр олон давтамжтай өргөн хүрээтэй явуулж ирлээ.
  3. Түүнчлэн  2011 оноос “www.chatsargana.mn” цахим хуудас,  2017 оноос “Монголын жимс жимсгэний үндэсний холбоо” фэйсбүүк хуудас нээж  тогтмол ажиллуулж мэдээлэл түгээхийн зэрэгцээ түүгээр дамжуулан гишүүд, олон нийттэй байнгын өргөн харилцах боломжийг олгож байна.

Судалгаа, шинжилгээ: Жимс жимсгэний салбарт тулгамдаж байгаа бодлого, шийдэл гаргах асуудлаар салбарын яам болон ХХАА-н салбарт хэрэгжиж байгаа зарим томоохон төслийн зөвлөх үйлчилгээний шалгаруулалт, захиалгын дагуу Холбооноос  эрдэмтэн мэргэжилтнүүдийн баг бүрдүүлэн судалгаа, шинжилгээ явуулж түүнийхээ үр дүнгээр зөвлөмж бэлтгэн хүргүүлж цаашид төлөвлөлт бодлогод тусган ажиллаж ирлээ.

  1. Байгалийн чацарганы тархалтын байршил, хэмжээг тогтоож улмаар генетик нөөцийг судлаж цаашид генефонд бий болгох, селекци судалгааны ажлыг өргөжүүлэх,
  2. Жимс, жимсгэний зах зээл, маркетинг, кластерийн хөгжлийн асуудлыг судлаж зөвлөмж боловсруулах, цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд тусгаж хэрэгжүүлэх
  3. Чацарганы аж ахуй эрхлэх ажлын хамгийн их хөдөлмөр зарцуулалт шаарддаг хураалтын ажлыг хөнгөвчлөх асуудлыг судлаж  дэвшилтэт арга, технологи боловсруулах,     
  4.  Чацаргана болон бусад жимс жимсгэний хортон шавьжийн тархалт, хор хөнөөлийн талаар судалгаа хийж, тэмцэх арга зүйг боловсруулах 
  5. Чацарганы шинж чанар, найрлагыг нарийвчлан гүнзгийрүүлж судлах, 
  6. Чацарганы нэмүү өртөгийн сүлжээг боловсруулах үйлдвэрүүдийн (Увс аймаг, Улаанбаатар хот) хүрээнд судлан зөвлөмж боловсруулах зэрэг судалгааны ажлуудыг Холбооны дэргэдэх “Чацарганы кластерийн санаачлага” төслийн баг, “Ашигт ургамлын генийн нөөц судлал” профессорын багийн эрдэмтэн судлаачид,мэргэжилтнүүдийн оролцоотой хийсэн болно.
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаа. МЖЖҮХолбоо үүсэн байгууллагдсан цагаасаа ижил чиг үүргийн үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож гишүүнчлэлтэй болох, гадаад орны жимс жимсгэний тариалалт, боловсруулалт болон эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлдэг ААН, судалгаа сургалтын байгууллагатай холбоо тогтоож өөрийн орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага, эрдэмтэдтэй холбох ажлыг онцлон анхаарч ажиллаж ирлээ.  а/ 2011 онд Олон улсын Чацарганы холбооны гишүүнээр албан ёсоор элсэн орсон болно. б/ Тус холбооноос 2 жил тутам зохион байгуулдаг Чацаргана судлалын эрдэм шинжилгээний 3 удаагийн их хуралд (2011 онд  БНХАУ-ын Цинхай мужийн Шининь хотод, 2013 онд ХБНГУ-ЫН Подстам хотод,2015 онд БНЭУ-ын Шинэ Дели хотод) 12-36 төлөөлөлтэй оролцож 3-5 илтгэл бэлтгэн тавьж оролцож ирлээ.
  • Мөн 2017 онд НҮБ-ын ХХААБ-ын дэмжлэгтэйгээр Олон улсын таримал ургамлын нийгэмлэгт гишүүнээр элсээд 2018 онд Турк улсад болох ээлжит их хуралд оролцохоор бүртгүүлээд байна
  • Байгаль, цаг уурын нөхцөл байдал ижил төстэй буюу ойролцоо орнууд /ОХУ,БНХАУ болон Канад зэрэг/, мөн жимс жимсгэний тариалалт боловсруулалтын талаар өндөр хөгжил, дэвшилт техник технологитай орнууд / ХБНГУ, Япон зэрэг/, чацарганы бүтээгдэхүүнийг экспортох боломжтой /Япон, БНСУ, Тайвань зэрэг/ орнуудын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын болон бизнес эрхлэгч ААН-үүдтэй холбоо тогтоон өөрийн орны ижил  төстэй үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудыг холбож хамтран ажиллах санамж, гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр дэмжин ажиллаж байна. Тухайлбал: а/ ОХУ-ын Буриад, Тува, Хакас, Новосибирск, Красноярск, Барнаул, Горный-Алтайн ЭШ-ний хүрээлэн, үйлдвэр, аж ахуйн газруудаар 2013, 2016, 2017 онд эрдэмтэн мэргэжилтэн, тариалалт үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажиллаж ажил хэргийн холбоо тогтоож гэрээ, санамж бичиг үйлдэн хамтран ажиллаж байна. б/ Япон улсын Токио хотод МҮХАҮТ-тай хамтран “Органик монголд зочилогтун” үзэсгэлэн зохион байгуулж үүний үр дүнд тус улсад 2013 оноос эхлэн чацарганы бүтээгдэхүүн туршилтын журмаар нийлүүлж байна.
  • Түүнчлэн манай оронд үйл ажиллагаа явуулж ХХАА-н болон Байгаль орчныг хамгаалах салбарт хэрэгжиж байгаа Олон улс, банк санхүү, Засгийн газар хооронд болон сайн санааны байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн байгууллага, нэгжүүдтэй жимс жимсгэний тариалалт өргөжүүлэх, бүтээгдэхүүн боловсруулах ЖДҮ-ийг дэмжих, сургалт, сурталчилгаа, мэдээллийн олон чиглэл, хэлбэрээр хамтран ажиллаж байна. Тухайлбал: НҮБ-ын ХХААБ, ХААХОУС, Дэлхийн болон Азийн хөгжлийн банк, Европын холбоо зэрэг байгууллагууд жимс жимсгэний салбарт орон нутгийн ААН, иргэдэд төрөл бүрийн дэмжлэг үзүүлж байгаа цаашид ч нилээд хэмжээний санхүү, хөрөнгө оруулалт, техник туслалцааны үйл ажиллагаа  явуулахаар шийдвэрлэн ажиллаж байна.