Тэргүүний Мэндчилгээ

Жимс, жимсгэнэ тариалагчид, боловсруулах үйлдвэрийнхэн, эрдэмтэн судлаачид, гишүүд дэмжигчиддээ МЖЖҮХолбооны Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ 2018 оны болон Нөхөрсөг шар нохой жилийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх байхыг ерөөл дэвшүүлье.

Энэ онд та бидний өмнө олон чухал үйл явдал тохиож бас ажил хөдөлмөр ундарсан жил болох нь байна.

Монгол улсын Засгийн газраас өнгөрсөн онд баталсан “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг энэ оноос эрч далайцтай хэрэгжүүлэх ажилд орно.

НҮБ-ын ХХААБ-аас өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн “Монгол Улсын жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах нь” техник туслалцааны төслийн хүрээнд сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, худалдан авалт чиглэлээр болон хорио цээрийн хүлэмжийн байгууламж хүлээн авч ашиглалтад оруулах зэрэг хэд хэдэн чухал ажил үүргийг хэрэгжүүлэх болно.

Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Монголд үр дүнтэй бизнес гишүүнчлэлтэй холбоодын чадавхи сайжруулах нь” төсөлд холбоо сонгогдсон тул холбооны удирдлага, орон нутгийн холбоод, гишүүдийн хүрээнд сургалт, мэдээлэл, ярилцлага, сурталчилгааны тал бүрийн арга хэмжээг зохион байгуулна.

Түүнчлэн Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”, Азийн хөгжлийн банкны “Нэмүү өртгийн сүлжээ” төсөл зэрэг төслүүдэд экспортыг дэмжих, бренд бүтээгдэхүүн бий болгох, олон улсын стандартууд нэвтрүүлэх, үзэсгэлэн, туршлага солилцох арга хэмжээг дэмжих зэрэг олон чиглэлээр сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээг дэмжих ажлууд зохион байгуулагдана.

Мөн Олон улсын Чацарганы холбооны ээлжит их хурал  БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотод 2018 оны 9-р сарын 17-оос 21-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Иймд гишүүд, дэмжигчид та бүхнийг МЖЖҮХолбооны мэдээлэлтэй тогтмол танилцаж, зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож хамтран ажиллахыг уриалж байна.

МОНГОЛ ЧАЦАРГАНЫГ ДЭЛХИЙН БРЕНД БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

МЖЖҮХолбооны тэргүүн: Д.НАСАНЖАРГАЛ