Үхэр нүд тариалах агротехник
ТАЛБАЙ СОНГОХ:
Тэгшхэн, гүний усны түвшин 1.5 метрээс доош байрлах газар байвал сайн. Үржил шимтэй, элсэрхэг , хөнгөн элсэрхэг хөрсөнд сайн ургана.
ТАЛБАЙ БЭЛТГЭХ:
Хавар 1 м2 талбайг 10-20 кг бууц, 140-150 г фосфор, 60-80 г калиар хамтатган бордож, талбайгаа гүн эргүүлэн хагалж борнойдож тэгшилнэ. Өрхийн цэцэрлэгт, тарих нүхэндээ 8-10 кг ялзарсан бууц, 40-50 г фосфор, 15-30 г калийг шороотой сайтар хольж бордоно
СУУЛГАЦ МАТЕРИАЛ:
Үхэр нүдний цэцэрлэгийг нутагшсан, нутагших ирээдүйтэй сортын 2 ба 3 настай эрүүл суулгацаар байгуулна.
СУУЛГАЦЫГ ТАЛБАЙД ТАРИХ:
Хавар нахиа хөөхөөс өмнө 4 сарын сүүлч, 5 сарын эхний хагаст, намар 9 сарын сүүлч, 10 сарын эхний хагаст багтааж томоохон талбайд 3х1, 3х1.5 гэсэн схемээр, өрхийн жижиг талбайд ургамал хооронд 1.5х1, 2х1 метр зайтай байрлуулан 30-40 см голчтой, 25-30 см гүн нүх малтаж үндсийг нь жигд тараан байрлуулж үндэснээс дээш 5-10 см зузаан шороогоор булна. Тарьсны дараа ил 3-5 сайн хөгжсөн нахиа үлдээж бусдыг тайрахад үлдсэн хэсэг хүчтэй өсөж мөчир салаа үүснэ. Үхэр нүдний бут 20-25 жил амьдардаг, гол мөчрүүд 5-8 жил сайн ургац өгнө.
УРГАЛТЫН ҮЕИЙН АРЧИЛГАА:
Усалгаа: Үхэр нүдийг ердийн нөхцөлд жилд 5-6 удаа, хуурай гандуу жил 7-9 удаа усална. Цэцэглэлтийн үед заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, оройн сэрүүн үед хийнэ.
Хөрс боловсруулалт: Усалгаа бүрийн дараа хөрсийг сийрүүлж, хог ургамал устгана.
Бордох: 3-4 настай залуу бут 0.5-1:5 м өргөн болоход хавар эрт маш сайн услаад 5-8 кг бууц, 20-30 г шүвтрийн шүү, 20-30 г фосфор, 10-20 г калийн давсаар бордоно.
Эрдэс бордоогоор бордосны дараа заавал усалгаа хийж сийрүүлнэ.
ТАНАЛТ, ХЭЛБЭРЖҮҮЛЭЛТ:
Тарьсны дараа эхний жилд бутнаас муу өсөлттэй, бие биеэ сүүдэрлэсэн, хугарсан мөчрийг огтолно. Дараа жилүүдэд 5-10 см-ээс богино ургасан, хөгширсөн мөчрүүдийг танаж цэвэрлэнэ.

Бутны титмийн хажуу салаа, дунд хэсгийн мөчрүүд дээр том жимс ургах тул тэдгээрийг 30-50 см урт ургуулбал зохино. Өвөл хөлдсөн мөчрийг бас танаж, огтолсон мөчрөө талбайгаас зайлуулна. Хар үхэр нүд 10-12 жил ургац өгөх ба үүний дараа хөгширсөн бутыг үндсээр нь суга татаж хөрснөөс үндэсний үлдэгдлийг цэвэрлэж талбайгаа дараагийн тариалалтад бэлдэнэ.
ӨВЧИН ХОРТОНТОЙ ТЭМЦЭХ:
Эрүүл суулгац тарих, унасан навч, ургамлын үлдэгдэл, хог ургамлыг хавар, намар цэвэрлэх, өвчин их тархсан үед 1 %-ийн бордосын шингэнээр цэцэглэлтийн өмнө ба дараа шүршинэ.
Ургалтын үед 1 %-ийн бордосоор 2-3 удаа шүршинэ. 10 м2 –д 6 г зэс, цайр, марганц, борын бичил бордоог үндсэн бордоотой хамт хийнэ.
Хортоны эсрэг 6-р сарын эхний 10 хоногт Децис, Карате /25-30 мл-ийг 10 л усанд/ найруулж өглөө оройн сэрүүнд салхигүй үед цацна.
УРГАЦ ХУРААЛТ:
Үхэр нүдний жимсийг 7-р сарын 15-аас хойш хураалт хийнэ.
НУТАГШСАН СОРТ:
Достойная сорт. Том жимстэй, өвлийн хүйтэн, хаврын цочир хүйтрэлд харьцангуй тэсвэртэй, тогтвортой арвин ургацтай сорт юм. Жимсийг шинээр болон боловсруулж нөөш хэлбэрээр ашиглана. Тарьснаас хойш хоёр дахь жилээсээ жимсэлж жил бүр тогтмол ургац өгнө.
Дунджаар 8.4 т/га (нэг бутнаас 3.3 кг ) жимс хураана.
Дунд зэрэг шигүү, саглагар титэмтэй, 0.9-1.0 метр өндөр титэмтэй бөгөөд 100 ширхэг жимсний жин 150-230 грамм болно. Өвчлөлт бага /1.0 баллаас хэтрэхгүй/, нахиа нь хачигт /1.2 балл/ бага нэрвэгддэг, залуу бутны навч цоохортох, атирах өвчинд өртдөг талтай. Боловсруулалт тээвэрлэлтэд тохиромжтой, хүйтэнд тэсвэртэй, ган, халуунд дунд зэрэг тэсвэртэй. Лийр шиг хэлбэртэй, 1.5-2.8 грамм хэмжээтэй, том, хөхөвтөр өнгөр бүхий хар хүрэн жимстэй.
Нутагшуулсан судлаачид: Г. Баяраа, Б. Батболд, Б. Баатарсайхан.