Сортын нэр: Чемалская синеяя

Ангилал Жимс
Амьдралын хэлбэр Модлог
Өндөр Дундаж
Навч Навч нь дундаж хэмжээтэй, өндгөн хэлбэрийн, гөлгөр ногоон.
Цэцэг Нэг мөчирт 2-3 цэцэгтэй, цагаан өнгөтэй жижиг дэлбээтэй
Жимс Дунд зэргийн хэмжээтэй, 25 мм өндөр, диаметр 27 мм, дундаж жин нь 14 г, хар улаан өнгөтэй. Зузаан хальстай. Махлаг эд нь шар-ногоон, шүүслэг, зөөлөн, бага зэрэг мэдэгдэхүйц хүчил, сайн амттай. Дунд зэргийн хэмжээтэй ястай.
Боловсролт Жимс нь 8-р сарын 3 дахь 10 хоногт боловсорч гүйцдэг.
Тайлбар Нэг настай суулгацыг талбайд суулгаснаас хойш 4 жилийн дараа жимс өгнө.
Давуу тал Мод нь хүйтэнд тэсвэртэй. Өвчин хортон эсэргүүцэх чадвар сайтай.

Ясан үрт жимстэй, олон наст модлог ургамал. Олон зүйл чавганаас ганцхан зүйл гэрийн чавга (Prunus domestica) нь тарималжсан байдаг.

Биологийн онцлог. Чавга тариалах талбай нь гэрлийн хангамж сайтай, дулаан, наранд ээвэр, чийгэрхэг, бүтэц сайтай хөрс байвал зохино. Чавга суулгаснаас хойш гурваас дөрөв дэх жилээсээ цэцэглэж эхлэнэ. Зуны сүүлчээр цэцгийн нахиа бүрэлдэж, улмаар цэцэг гарч, цэцэглэлтээс хойш гурван сарын хугацаанд жимс нь боловсорно. Чавганы 10-аад жилийн настай нэг мод 50 хүртэл кг жимсний ургац өгнө.

Ургуулах технологи

Талбай сонгох. Чавга тарих талбай нь тэгш гадаргуутай, баруунаас зүүн тийш харсан бага зэрэг налуудуу энгэр газар байх нь тохиромжтой. Хөрсний гүний усны түвшин 1.5 м-ээс доош байрлалтай байхын дээр хонхор газар тохиромж муутай. Мөн талбай нь гэрлийн хангамж сайтай, хөнгөн элсэнцэр бүтэцтэй, цайвар болон хар хүрэн хөрстэй байх ёстой.

Талбайг боловсруулж бэлтгэх. Сонгосон талбайд 25-27 см гүн хагалж, сийрүүлэн, хог ургамлаас цэвэрлэж, чийгийн хуримтлалыг нэмэгдүүлнэ. Боловсруулсан талбайд хавар эрт 1м2 газарт өнжсөн бууц 30-35 кг, азот 30-40 гр, фосфор 50-65 гр, калийн бордоо 20-25 гр-ыг хийж, хөрсийг 10-12 см гүнд сийрүүлж, талбайг ханатал услан, тарилт хийхэд бэлтгэнэ.

 Суулгац бэлтгэх, талбайд суулгах. Суулгац нь үндэсний систем сайн хөгжсөн, иш, мөчих зөв байрлалтай байвал зохино. Чавгыг IV сарын сүүлч, V сарын эхээр суулгацын хүзүүг газрын гадаргуугийн төвшингөөс 2-3 см-ийн дээр байхаар тооцож, тохируулан суулгана. Чавгыг 10-14 м2 тэжээлийн талбай эзлүүлэн (3.5х4.0 м, 4.0х2.5 м) суулгана. Ихэнх тохиолдолд 3.5-4.0 метр зайд 60-80 см гүн, 90-120 см хөндлөөш нүх ухаж, түүндээ суулгаж, бууц шорооны холимогоор 20-30 см зузаан үеэр дарж, гишгэж нягтруулан тогоолж,  нэг нүхэнд 20-30 литрээс доошгүй хэмжээний усаар ханатал усална. Усалгааны дараа тогоон дахь хөрсөн дээрээ 2-3 см зузаан үеэр бууцаар эсвэл үртэс, хуурай шороогоор дарж хөрс хатаж хуурайшихаас хамгаална.

Цаашид хөрсний чийгшлийн байдлаас хамааруулан 5-7 хоногт нэг удаа, нүг нүхэнд 30 орчим литр ус орохоор бодож усалж, түүний дараа тогоон дахь хөрсийг сийрүүлж, хог ургамлыг түүж устгана.

Суулгацын нүхэнд гадас юмуу чиглүүлэгчийг ашиглан, эгц байрлалаар суулгаж, чавганы модыг зүг бүртээ тархсан саглагар мөчиртэй, нам иштэй болгохын тулд цойлж ургасан мөчрүүдийг танана.

Арчилгаа. Чавга суулгасан талбайд хавар нахиа хөөхийн өмнө мөр хооронд болон мод хооронд ойрхон хоёр дахиж сийрүүлнэ. Бороо орсны дараа эсвэл усалгааны дараа модны тогоон доторх хөрсийг сийрүүлж, хог ургамлыг түүж устгана. Модыг суулгасны дараах 2,3 жилд 1м2 талбайд бууц 10 кг-аар бордоно. Үржил шим дутмаг бол нэмж фосфор 30 гр, кали 20 гр-иар бордоно.

Жимсний модыг томорч насжсан үед бордоог талбайгаар нь хийж сийрүүлэн, услана. Нэмэлт бордоог цэцэглэлтийн төгсгөл, мөчрийн өсөлтийн жигдрэлтийн үе буюу VI сарын дундуур өгөх нь ашигтай. Тун нь 1 м2 талбайд 10 гр азот, 10 гр фосфор, 8 гр кали орохоор тооцоолно. Дараагийн нэмэлт бордоог VII сарын сүүлчээр буюу модонд жимсний нахиа бий болох үеэр хийж, өвлийн тэсвэр суулгана. Гэхдээ энэ үед азотын бордоог хэрэглэж болохгүй.

Чавга чийгэнд дуртай таримал учраас ургалтын хугацаанд хөрсний чийгийг нэмэгдүүлж, усалгааг тогтмол хийх ба жилд 8-10 удаа, гандуу жил хуурай нөхцөлд 18 хүртэл удаа услана. Нэг модонд 30 литрээс багагүй, жимсэлж байгаа модонд 80 хүртэл литр ус орохоор тооцно. Хавар газар гэсэх үед цэнэг усалгаа хийж, дараагийн усалгаануудыг 7-10 хоног дутамд тогтмол хийж, модны өсөлт, хөгжилтийг биологийн шаардлагын түвшинд явуулах нөхцлийг бүрдүүлнэ. X сарын эхээр намрын цэнэг усалгааг хийж, өвөлжүүлнэ.

Чавганы модыг мөчрийн байрлал, тоог зөв тогтоож, таналт, тайралт хийснээр гэрлийн хангамж сайжирч, жимслэлтийн процесс идэвхжих болно. Титмийг зөв хэлбэржүүлэхийн тулд эхний 2, 3 жилд үндсэн том мөчрүүдийг бий болгоно. Тайрч, танах ажлыг хавар V сарын эхээр хийх нь модны шарх бүрэн эдгэрэх боломжийг олгодог.

 Ургац хураалт. Жимс нь сортын шинжээ олж, өнгө амт, хэлбэрийн хувьд болц нь хангагдсан үед буюу чавга цэцэглэснээс хойш гурван сарын хугацаанд ясаар хучигдсан ганц том үртэй, шүүслэг, амттай жимс нь хураахад бэлэн болсныг илтгэнэ. Чавганы жимсийг бүрэн болохоос өмнө хураах ба энэ үед жимсэнд сахар ихээр агуулагдана. Хураасан жимсийг зөөлөн барьж сагс, хувин, нийлэг саванд хийж, сэрүүн орчинд тавьж түр хадгална.