Энэ жил “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Бидний үйлдэл, бидний ирээдүй: Өлсгөлөнгүй дэлхий-2030” уриан дор дэлхийн 180 гаруй улс орон нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байна. 1981 оны аравдугаар сарын 16-наас эхлэн дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш өдгөө 33 жилийн нүүрийг үзэж байна.

Ядуурлыг бууруулах, өлсгөлөнгөөс ангижрахад улс орнуудын Засгийн газраас барьж буй бодлого, хүн бүрийн оролцоо, санаачилга дэмжлэг чухал учраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас энэхүү уриалгыг дэвшүүлэн тавьжээ.

75 дахь жилдээ тохиож буй энэ өдөр “Дэлхийн хүнсний өдөр”-ийн арга хэмжээ Блю Скай зочид буудлын гурван давхарын хурлын танхимд боллоо. Арга хэмжээний эхэнд, НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал ноён Хосе Гразино Да Силвагийн видео мэндчилгээг танилцуулсан. Үргэлжлүүлэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Беата Транкманн нар үг хэллээ.

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ХҮНСНИЙ ЭКСПОРТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДЭГИЛТГЭГЧДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

2018 оны есдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд оюутан, судлаач гэсэн хоёр түвшинд зарлаж, өчигдөр илтгэлүүдийг хэлэлцүүлсэн “Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэгчдэд шагнал гардуулах арга хэмжээ болсон. Уг эрдэм шинжилгээний бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо болон “Каритас Монгол” олон улсын байгууллагатай хамтран хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Төрөөс судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн судалгааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг практикт нэвтрүүлэх зорилготой “Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хуралд их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, компанийн төлөөлөл болсон нийт 35 оюутан, судлаачид илтгэлээ ирүүлсэн. Эдгээр илтгэлээс судалгаа нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, тодорхой онол, арга зүйд үндэслэсэн байх, практик ач холбогдолтой байх, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай, судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх гэсэн шалгуураар оюутан, судлаач гэсэн хоёр ангиллаар тэргүүн байр, дэд байр, тусгай байрыг тус тус шалгаруулав.

Оюутны ангилалд, тэргүүн байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Л.Аззаяа “Дүфү үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний химийн судалгаа болон дахин ашиглах боломж” илтгэлээрээ, дэд байранд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Б.Нинжин “Оюутан залуусын хүнсний хэрэглээнд хийсэн судалгааны зарим үр дүнгээс” илтгэлээрээ, тусгай байранд ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн оюутан О.Мөнхзул “Сүрьеэгийн эсрэг үйлчилгээтэй хагийг талханд нэмэлтээр ашиглах боломжийг судалсан судалгааны үр дүн” илтгэлээрээ тус тус эзэллээ. Мөн Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагналаар дээрх гурван оюутнаас гадна дөрөвдүгээр байранд шалгарсан Технологийн дээд сургуулийн оюутан О.Мягмарнаран, А.Болортуяа, тавдугаар байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Э.Солонго нарыг шагналаа.

Судлаачдын ангилалд, тэргүүн байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Б.Мөнхжаргал “Монголын уламжлалт хүнсний цусны даралт бууруулах идэвхийн судалгаа” илтгэлээрээ, дэд байранд ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш Э.Энхцэцэг “Эх орны хөрсөнд тариалсан хүнсний ургамлаас экспортын чиг баримжаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” илтгэлээрээ, тусгай байранд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш С.Отгонпүрэв, “Хүнс шарахад хамгийн тохиромжтой тос болон шарах давтамжийг тодорхойлсон дүн” илтгэлээрээ тус тус тодорсон юм.

Ийнхүү “Дэлхийн хүнсний өдөр”-өөр тэргүүн байр эзэлсэн судлаачид ХХААХҮ-ийн Сайдын батламж, 1 сая төгрөг, дэд байр эзэлсэн судлаачид өргөмжлөл, 500 мянган төгрөг, тусгай байр эзэлсэн судлаачид өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнаж, урамшууллаа. Мөн тэргүүн байр эзэлсэн оюутанд ХХААХҮ-ийн Сайдын батламж, 300 мянган төгрөг, дэд байр эзэлсэн оюутанд өргөмжлөл, 200 мянган төгрөг, тусгай байр эзэлсэн оюутанд өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнав.

Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагналын эзнээр тодорсон таван оюутныг “Мах маркет” ХХК компанидаа дадлагажигчаар ажиллуулах, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Б.Нинжинг “Хос Ивээл” ХХК компанидаа ажиллах эрхээр тус тус шагнаж байгаа юм.