“Хан Хэнтий цогцолбор” сургуулийн 11б ангийн сурагч

Батбаярын Цэрэнбямба

 

САЯ САЯАРАА…

“Цорын ганц хүслийг чинь биелүүлье” гэж бурхан надад хэлбэл, би “Roshen компанийг өөрийн болгомоор байна.” хэмээн шивнэх байсан. Багын л чихэр шоколаданд дуртай би чихрээ задлах болгондоо дээрх нэрийг уншина. Дийлэнх гоё амттайнууд нь тэр компанийнх байдаг сан. Анги дэвшиж, бага сага зүйл боддог болсноосоо хойш өөрийн бие бялдараас аажим аажмаар ичиж эхэллээ. Чухам тэр үеэс өөрийн дуртай чихэр шоколаданд хориг тавьж эхэлсэн юм. Тэр үед толгойд жинхэнэ үлгэрийн зүйлс санаанд ордог байлаа. “Хэрвээ арифметик дундаж шиг тарган туранхай хоёр хүнийг хооронд нь нийлүүлээд л хоёр тэнцүү хуваачихдаг бол ч том шинжлэх ухааны нээлт болно доо” гэж наснаасаа их бодсон доо. Энэ бодол минь тийм ч удаан үргэлжлээгүй ээ.

Энд би жингээ хасахын тулд хоолоо сойж байхад, тэнд хэн нэгэн өлсгөлөнгөөс болж үхэж байна. Энд би дахиад л хичээлдээ явах ёстой гэж залхуурч байхад, тэнд хэн нэгэн дахиад хоол олох ёстой гэж шаналж байна. Өнөөдөр яг энэ цаг мөчид, өөрийг тань энийг уншаад сууж байхад дэлхий дахинд 815 сая хүн өөрийн саналаар биш өлсгөлөнд нэрвэгдчихсэн тарчилж явна. Шинээр нэвтрээд байгаа 3D принтер шиг 3D факс гэж байдаг бол ямар сайхан бэ. 2.6 их наяд өртгөөр бүтээгдсэн атлаа хаягдал болоод байгаа хүнсний үйлдвэрлэлтийн гуравны нэг хэсгийг болдог бол тэдэн рүү явуулчих юмсан. Эсвэл энэ нөгөө л нэг үлгэрийн бодлуудын минь нэг юм болов уу.

Магадгүй хүн гэдэг байгалийн бүтээсэн нэг гайхамшиг, эсвэл бүр гай гамшиг ч байж болох юм. Хүн төрөлхтний олон талт байдлаас болоод байгаль бидэнд дургүй нь хүрч олон сая хүмүүсийг ган, зуд, үер, цунами, газар хөдлөлтөөр дамжуулан өлсгөлөнд нэрвэгдүүлж хариугаа авч байгаа юм болов уу. Илүү шинжлэх ухаанч талаас нь авч үзвэл, удаан хугацаанд үргэлжилсэн циклон болон эсрэг циклоны давтамж улам бүр ихэссээр байна. Үүний үр дүнд хөрсний үржил шим алдагдан хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй эрхлэгчдийн амьжиргаа буурч орох оронгүй, идэх хоолгүй хоцорч байна. Хүнсний хаягдал хүрээлэн буй орчинд нэмэлт бохирдол үүсгэж байгаа нь ойлгомжтой. Дэлхийн нийт хүн амын дөрөвний нэг хувь болох 1.9 тэрбум хүн жингийн илүүдэл буюу таргалалттай байна. Магадгүй үүнийг тэнцвэржүүлбэл өлсгөлөнг зогсоох боломжтой болох байх.

Бид өөрсдийгөө хээгүй монголчууд гэж ярьдаг ч өнөөдөр арван айл тутмын хоёр нь хоносон хоолоо хогийн саванд хаяж байна. Цэцэрлэгийн гучин хүүхэдтэй нэг ангийхны талаас илүү нь хоолныхоо өөхийг ялгаж байна. Тэгэхэд дэлхийн хаа нэгтээ арьс нь хорчийж, яс нь ёрдойж, зүс нь цонхийсон хэн нэгэн хоносон хоол байтугай мөнөөх өөхийг хүсэж суугаа. Хүнсний хаягдал ихтэй орнууд, эсвэл таргалалт ихтэй орнуудын хүмүүс хэмнэлт хийвэл ямар өөрчлөлт гарах талаар төсөөлөөд нэг үзээрэй. Хэмнэсэн хоол хүнс өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст хүрэх болов уу. Монголчууд гурван саяулаа ч хоол хүнсээ зөв зохистой хэрэглэвэл тэдэнд тус болох болов уу. Ядаж би ч болтугай хүнснийхээ хэрэгцээг байгальд ээлтэйгээр зохицуулж, манай гэр бүлээс гарах хоол хүнснийхээ хаягдлыг багасгавал 815 сая гэх үзүүлэлт буурах болов уу?

Тэгвэл энэ бүхэн боломжтой гэдэгт би итгэж байна. Та ч бас бодоод үзээрэй. Бид сая саяараа нэг санаа, нэг зорилготойгоор нэгдэн нийлж, зөв дадал хэвшүүлбэл ч цэнхэр гаригийн сая хүнд тусалж чадна гэдэгт итгэж байна.