МОНГОЛЫН ЖИМС ЖИМСГЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОЛБОО

 

ЖЖҮХолбоо нь чацаргана, жимс жимсгэнэ тариалагч, үйлдвэрлэгч, судлаач болон энэ чиглэлийн үйл ажиллагааг сонирхон дэмжигч байгууллага, иргэд сайн дурын үндсэн зарчимд тулгуурлан нэгдсэн ашгийн бус гишүүддээ үйлчилдэг мэргэжлийн төрийн бус байгууллага болно.

 Тус холбоо 2007 онд үүсгэн байгуулагдаж 11 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Манай холбоо 2007-2016 оны хооронд Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо (МЧТҮҮХ) нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад үйл ажиллагааны цар хүрээ, зорилго, чиг үүрэгтэй уялдуулан 2016 оны 1 сараас Монголын жимс жимсгэний үндэсний холбоо (МЖЖҮХ) нэртэйгээр ажиллаж байна.

 МЖЖҮХолбоо нь орон нутгийн засаг захиргааны хуваарь, байршилаар салбар холбоод байгуулан үндэсний хэмжээний бүтэцтэй ажиллаж байна. Салбар холбоо өөрийн дүрэмтэй, үндэсний холбооны дүрэм, зорилго, зорилтод нийцсэн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

 

МОНГОЛЫН ЖИМС ЖИМСГЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ БЭЛГЭДЭЛ

Урган дэлгэрч үржихүйн бэлэгдэл болсон чацарганы хоёр ногоон мөчрийг тал дугуй хэлбэрээр ишээр нь зөрүүлэн туузаар ороож, туузан дээр “МЖЖҮХ” нэрийг байршуулж, энэхүү хүрээний дунд амин дэмийн шим алтан шаргал өнгөтэй чацарганы 3 жимс, мөнх ногоон 3 навчны дэвсгэр дээр байрлуулсан нь титэм хэлбэртэй харагдах бөгөөд үүгээрээ Чацаргана бол “ХААН ЖИМС” болохыг мөн түүгээр төлөөлүүлэн жимс жимсгэнийг бэлэгдсэн болно.

МОНГОЛЫН ЖИМС ЖИМСГЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ШАГНАЛ

МЖЖҮ Холбоо нь энэ салбарт хөдөлмөр, бүтээл туурвилаараа амжилт гаргасан гишүүд, иргэнийг шагнах “Хүндэт ажилтан”, “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг шагналтай, гишүүний энгэрийн тэмдэгтэй.

МОНГОЛЫН ЖИМС ЖИМСГЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол оронд чацаргана бусад жимс, жимсгэний тариалалтыг өргөтгөх, байгалийн чацаргана, жимс жимсгэний нөөцийг хамгаалах, жимс жимсгэнэ болон бусад түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл, технологийг хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг гүнзгийрүүлэх үндсэн дээр хүн амын хүнсэн дэх жимс жимсгэнэ, түүний гаралтай бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, улмаар эдгээр бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах үйл ажиллагааг далайцтай, үр бүтээлтэй өрнүүлэхэд төр засгийн болон хувийн хэвшлийн байгууллага, гишүүд дэмжигчидтэйгээ хамтран ажиллаж, тэдэнд үйлчлэхэд оршино.

МЖЖҮХолбоо өөрийн зорилгын хүрээнд дараах

Зорилтууд тавьж эдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
  • Төрөөс жимс жимсгэний дэд салбарын талаар баримтлах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх хүрээнд эрх зүй, стратегийн бичиг баримт боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран тэргүүлэх үүрэг гүйцэтгэх
  • Манай орны хүн амын жимс жимсгэний хэрэгцээ, хангамж үндсэндээ импортоос хамааралтай байгаа байдалд нухацтай дүгнэлт хийж  эх орны экологийн нэн таатай орчинд тус орны байгаль цаг уурын онцлог нөхцөлд дасан зохицож, нутагшин ургаж үр өгөөжөө өгөх чацаргана болон бусад нэр төрлийн импорт орлох жимс жимсгэний тариалалтыг зохистой нэмэгдүүлж хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад чиглүүлэх
  • Жимс жимсгэний сорт сорилт, селекцийн асуудалд онцгойлон анхаарч эх орны байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон сортуудыг нутагшуулах, шинэ сорт гаргах,  суулгац, үр, үрслэгээний үржүүлгийн үйлдвэрлэлд уламжлалт болон орчин үеийн дэвшилт технологийг үр бүтээлтэй хэрэглэн нэвтрүүлэх
  • Чацаргана, бусад жимс жимсгэний шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг  олон талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлыг төр, засгийн  бодлогоор дэмжүүлэх
  • Чацаргана, бусад жимс жимсгэний ургацын өгөөжийн нэмэгдүүлэх, тогтворжуулахад чиглэсэн дэвшилт агротехнологийг байнга эрэлхийлэн  өргөн нэвтрүүлэх
  • Чацаргана, жимс жимсгэний салбарыг орон нутгаар болон бүсчилэн кластераар хөгжүүлэх, бүтээгдэхүүний зах зээл, маркетингийн сүлжээг боловсронгуй болгож, дотоод зах зээлийн хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ  ялангуяа чацаргана, байгалийн жимсгэний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх
  • Жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх,
  • Жимс, жимсгэний салбарт ажиллах мэргэшсэн ажиллах хүч, мэргэжилтний нөөцийг бэлтгэх, давтан сургаж чадавхижуулах бодлого, үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах
  • Байгалийн жимс, жимсгэний нөөцийг хамгаалах, байгаль хамгаалах чиглэлээр чацаргана болон бусад мод бутны  тариалалтыг  өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж хамтран ажиллах