Сортын нэр: Алтайская Румяная

Амьдралын хэлбэр Модлог
Өндөр Дундаж
Титэм Дугуй
Жимс Бөөрөнхий улаан өнгөтэй, зарим хэсгээрээ цайвар судалтай
Жимсний жин 55-90 гр
Амт Махлаг эд нь шаргал, шүүслэг, амтлаг, баг зэрэг исгэлэн, дунд зэргийн нягтралтай, сулхан үнэртэй.
Жимсний боловсролт VIII сарын сүүлээр
Жимслэлт Суулгаснаас хойш 4-5 жилийн дараа
Жимсийг хадгалах хугацаа 60 хоног хүртэл
Ургац Жимсний 7 жилийн дундаж ургац 12.0 т/га, хамгийн их ургац 26.7 тн/га
Хүйтний тэсвэр Хүйтэнд тэсвэртэй
Сортын давуу тал Өвлийг сайн давдаг, тогтмол жимсэлдэг, өвчин хортонд тэсвэртэй.
Сул тал Жимс хурдан унадаг.

Алимны Malus төрлийн ургамал нь мод, сөөг хэлбэрийн мод. Сибирийн гаралтай, хүйтэнд тэсвэр сайтай, хөрс, цаг уурт дасах чадвараар гойд гэрийн (Malus Domestica) алимыг тарьж ургуулах нь тохиромжтой.

Алим нь бусад төрлийн жим, жимсгэний дотроос жимс нь амт чанараар илүү, хадгалалт сайн даадаг, шинэ жимсийг нь олон сарын туршид сэрүүн орчинд хадгалж хэрэглэж болдог, жимс нь дахин боловсруулалтад тохиромжтой байдгаараа давуу чанартай юм.

Алимны төрөлд 36 зүйл байдгийн нэг зүйл жимст алим буюу өрөл /Malus baccata L Borkh/ нь манай нутагт зэрлэг ургадаг. Алимны ихэнх сортууд суулгаснаас хойш 4-5 жилийн дараа үр жимсээ өгч эхлэх ба уур амьсгал зөөлөн, хөрс сайтай, тохиромжтой нөхцөлд ургуулсан алимны цэцэрлэгийн нэг га талбайгаас 20-30 тонн ургац авдаг. Алимны мод урт насалж, 70-80 жил амьдарна.

Биологийн онцлог. Алимны модны мөчир өргөстэй ба өргөсгүй байна. Нахиа нь мөчир дээр байрладаг, бөөрөнхий, бие биеийг дэрлэсэн хайрсаар хучигдсан байна. Алимны мод нь нахиа хөөж задарч ургаснаар амьдрал нь эхэлж, үрт жимс өсч, навч нь хагдарч унаснаар жилийн өсөлт хөгжилт зогсонги байдалд орно.

Алимны модны суулгац нь залгуурга, залгаадас гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үндэс бүхий хэсэг буюу залгуурганд ихэвчлэн өвлийн тэсвэр сайтай Сибирийн алимыг ашигладаг.

Алим ургуулах технологи

Талбай сонгох. Алим тариалах талбай нь урагшаа харсан чиглэлтэй, наранд ээвэр, хүйтэн салхинаас хамгаалагдсан тэгшдүү налуу, энгэр дулаан газар байвал сайн. Хөрсний гүний усны түвшин 1.5-2 м-ээс доош байвал зохино. Цэцэрлэгт үржил шим сайтай хар шороон ба хөнгөн хүрэн хөрс илүү тохиромжтой. Харин шаварлаг, хужир марзтай газарт зориудын бэлтгэл хийхгүйгээр цэцэрлэг байгуулж болохгүй.

Хөрсийг бэлтгэх. Алимны мод тариалахад урьдчилан сонгосон талбайдаа ажиглалт хийж шаардлагатай бол дов сондуул, мод бут, чулуу, бусад хог ургамлыг авч зайлуулан, хонхор, гүдгэр хэсгийг тэгшлэх арга хэмжээ авна. Хөрс нь үржил шим сайтай дунд зэргийн механик бүрэлдэхүүнтэй дулаан, ус, агаарын горим тохиромжтой байвал зохино. Алимны мод суулгах нүхийг 1 метрийн хөндлөөштэй, 50 см-ээс доошгүй гүн ухаад, түүндээ бууц, эрдэс бордоо, шорооны холимогтой хийхээр бэлтгэнэ. Мод суулгахын өмнө 40-50 см-ээс доошгүй гүнд хавж сийрүүлээд, борнойдоно. Талбайг хэсэгчлэн хуваасны дараа 1.0-1.25 метрийн хөндлөөштэй, 50-60 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Нүхийг гараар ухвал өнгөн хэсгийн шороог нэг талд нь овоолно.

Алимны суулгац суулгах. Алимны суулгацыг суулгахын өмнө гүн шан татаж түүндээ хийгээд үндсийг нь чийгтэй хөвд, шороогоор дарж түр хадгална. Суулгацын үндсийг ус, шорооны зуурмагт байлгаж байгаад авч суулгана. Хаврын суулгалт намрынхаас илүү үр дүнтэй байдаг. Алимны модыг IV сарын сүүлч, V сарын дунд хугацаанд багтаан суулгана. Алимны модыг эгнээ хооронд 5 метр, ургамал хооронд 3 метрийн тэжээлийн талбайтайгаар суулгана.

 

 

Алимны суулгацын чанарын үзүүлэлт

Үзүүлэлт 1 2
1 Их биеийн өндөр, см 50-65 40-60
2 Ишний бүдүүн, см 5-9 5-8
3 Ишний салаа, ширхэг 2-3 1-2
4 Үндэсний урт, см 20-30 15-25
5 Үндэсний салаа, ширхэг 6-8 5-7

Суулгацыг тээвэрлэх замд үндэс нь хатвал 12-24 цагийн туршид ус, шорооны зуурмагт дүрнэ. Үндэсний хаталт нь суулгацын амьдралыг эрс бууруулдаг учир тээвэрлэх үедээ үндсийг чийгтэй шороо, үртэсээр сайн хучих хэрэгтэй.

Мод суулгах нүхэнд ялзарсан бууц 15-20 кг, суперфосфат 0.5-1 кг, азот 0.3 кг, кали 0.1 кг-ыг шороотой сайтар хольж, хийнэ. 1-2 настай, өсөлт хөгжилт сайтай, үндэс сайн суусан суулгацыг сонгон авч тариална. Суулгацыг модны үндэсний хүзүү нь газрын гадаргуугаас 4-5 см дээр байхаар бодолцож, тохируулна. Суулгахын өмнө үндэсний гэмтсэн хэсгийг хурц хутгаар эсвэл хайчаар эрүүл хэсэг хүртэл нь тайрна.

Суулгацыг нүхэнд тэгш барьж, шороогоор булна. Үүний дараа шороог эргэн тойронд нь нягтруулж гишгэнэ. Үндсийг 10-15 см зузаан шороогоор булаад ус тогтоох тогоо хийж, үүний дараа 40-60 литр усаар услана. Усалгааны тогоо гол 1.5-2 метр байх ба дараагийн 2 жилд 0.5 метрээр өргөсгөж, 3.5 метрт хүргэнэ. Усалгааны дараа хөрсөө сийрүүлж шороо, ялзмагаар хучина. Ингэснээр чийгийн алдагдлыг бууруулна. Суулгалтын дараа суулгацын газрын дээрх хэсгийг богиносгож тайрах нь түүний амьдралтыг идэвхижүүлж өгдөгийг анхаарах хэрэгтэй. Модыг суулгасны дараа гадаслаж уяж өгнө.

Суулгалтын дараах арчилгаа. Суулгацыг сэргэн ургаж эхэлтэл 7-10 хоногийн зайтайгаар усална. Мөн шилбэ орчмын хөрсийг хатахаас хамгаалж 5-6 см зузаан шороо буюу бууцаар хучлага хийж өгнө.

Усалгаа. Анхны усалгааг нахиа задралтын өмнө IV сарын сүүлч, V сарын эхээр өгч, цэцэглэлтийн дараа дахин услана. Мөчрийн хамгийн эрчимтэй өсөлтийн үед VI сарын сүүлийн арав хоногт 3 дахь усалгааг хийнэ. Мөн жимсний томролтын үед хур багатай байвал услах шаардлага гардаг. Ургалтын хугацааны II хагаст гандуу халуун байвал ургац хураахаас 20-26 хоногийн өмнө услах хэрэгтэй. Усалгааг сувгаар эсвэл тогоонд зөөж хийх ба 60 см хүртэл гүнд хөрс сайн норсон байхаар тооцож услана. Усалгаа бүрийн дараа 2-3 хоногийн дотор тогоо буюу сувгийн доторх хөрсийг сийрүүлнэ.  IX сарын сүүлч, X сарын эхээр модны навч унах үеэр буюу газар хөлдөхийн өмнө намрын цэнэг усалгаа хийнэ. Манай нөхцөлд нэг удаагийн усалгаагаар 500-600 м3/га-аас доошгүй усаар усалж, үндэс тархсан давхаргыг бүрэн норгосон байх шаардлагатай.

Бордох. Хавар модны нахиа хөөх үе шатанд азотоор бордож, 2-3 долоо хоноод азотын бордоогоор дахин бордоно. Намар кали, фосфорын бордоогоор бордож, модны өвлийн тэсвэрийг нэмэгдүүлнэ.

Бордооны норм /нэг модоор/

Суулгасны дараах жилүүд Нүхний хөндлөөш хэмжээ, м Бууц, кг Эрдэс бордоо, гр
Азотын бордоо Суперфосфот Калийн давс
1-2 1.5-2 12-15 50 100 30
3-4 2.5 15-20 75 150 50
5-6 3.0 20-30 100 210 70

Модыг хэлбэржүүлэх. Модны хажуугийн мөчрүүдээс өөр хоорондоо 15-20 см ургасан өсөлт сайтай 2-3 мөчрийг үндсэн мөчрөөр нь үлдээж, төвийн гол дамжуулагчийн дөрөвний гурвыг хяргаж, дараа жилээс угаар тайрч хаяна.

Өвчин, хортон шавьжаас хамгаалах арга. Алимны талбайд долоогоны цагаан эрвээхэй зэрэг хортон шавьжууд тохиолдог. V сарын эхээр нахиа хөөх үеэр хлорфосын уусмалаар (10 литр усанд 20-30 гр хор) шүршинэ.

Алимны үр идэгч, навч хуйлагчтай тэмцэхдээ модны цэцэглэлтийн өмнөх үеэр модны шилбэ орчмын 1 м2 талбайд 50 гр дуст цацаж, модны титмийг метафос, тиофосын 0.5%-ийн (10 литр усанд 5 гр хор) уусмалаар шүршинэ. Цэцэглэлтээс хойш 14 хоногийн дараа дээрх уусмалаар дахин шүршинэ. Мөн 3 дахь шүршилтийг долоодугаар сарын эхний 10 хоногт явуулж болно.